Монголын эмэгтэйчүүдийн шигшээ түүх бүтээж, О.Хулан домгийн хэмжээнд яригдах боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 27

 

3x3-ийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо дөрвөн өдөр үргэлжилж, хэсгийн тоглолтууд дууслаа.

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ түүх бүтээж, ДАШТ-ий хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авлаа.

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ эхлээд Бразилыг хожоод, дараа нь Парисын олимпын мөнгөн медальт Испанийн шигшээд хожигдсон. Сонирхуулахад, Парист мөнгөн медаль хүртсэн Испанийн шигшээ яг тэр чигээрээ дөрвүүлээ ирсэн байгаа.

Тэгвэл өчигдөр Монголын эмэгтэйчүүдийн шигшээ Олимпын аварга Германыг 18:14-өөр хожлоо. Германы шигшээд Олимпын аварга болсон тамирчдаас нэг нь ирсэн байсан. Гэлээ ч энэ бол маш хүчтэй шигшээ гэдэг нь эргэлзээгүй.

Ийнхүү Олимпын мөнгө, алтан медальтнуудтай ээлжлэн тоглосныхоо дараагаар Украиныг 18:16-аар хожиж, хэсэгтээ 3 хожил, 1 хожигдолтойгоор Испанийн ар дээр хоёрдугаар байрт шалгарлаа.

Ингэснээр плей-ин буюу шөвгийн 16 ч гэж нэрлэвэл нэрлэж болохоор шатанд Хятадын шигшээтэй тоглохоор болж байна. Хэрвээ өмнөд хөршийг хожвол шөвгийн наймд АНУ-ын шигшээтэй тулах юм.

Украинтай 16:16-аар тэнцэж явахад хожлын шидэлтийг О.Хулан оруулсан. Тэрбээр энэ гайхалтай шидэлт, хожлынхоо дараагаар “Өчигдөр ах нарынхаа тоглолтыг хараад монгол тамирчид ямар хатуужилтай юм бэ, гурвуулаа байж эцсээ хүртэл тэмцэж чадаж буйг хараад их бахархсан. Бас их уурласан.

Тэгээд ах нарынхаа өмнөөс Монголчууд ДАШТ-ийг зүгээр зохион байгуулахгүй гэж аваагүй юм шүү гэдгийг, монгол охид ч гэсэн тоглож чадна, Монгол бол сагсанбөмбөгийн орон шүү гэдгийг харуулахыг маш их хүссэн.

Ах нарынхаа төлөө шартай хортой оръё. Монголчууд ямар байдгийг харуулъя гэж ярилцаж орсон.

Тэгээд хоёр хожил авсандаа маш их баяртай байна. Хожно гэдэгтээ ч их баяртай байсан.

Украинтай тэнцэж явахад манай багийнхан надад “Хулаан, чи яваа” гэсэн. Тэгээд би яг хийж байгаагаар төсөөлсөн л дөө. Тэгээд яг тэрийнхээ дагуу хийж чадсандай баяртай байна” хэмээн өгүүлсэн юм.

Дашрамд сонирхуулахад, 3x3-ийн албан ёсны цахим хуудаст ДАШТ-д оролцож эмэгтэй 10 онцлох тамирчныг нэрлэхдээ Онолбаатарын Хуланг дурдсан байна лээ. “Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэхэд багтаа маш чухал үүрэг нөлөөтэй оролцсон. Сэтгэлийн хүч, хөдөлгөөн, багаа манлайлах чадвараараа гол зүрх нь болсон энэ тоглогч хэрвээ баг нь ДАШТ-ий шагналын тавцанд гарвал Монголын сагсанбөмбөгийн домог болж мөнхөрнө” гэж тэмдэглэн бичсэн байгааг энд дурдмаар санагдлаа.

Плей-ин буюу шөвгийн 16-д оноолт таарсан Хятадын шигшээ багийн хувьд бол 2024 оны Азийн АШТ-ий шөвгийн наймд Монголын шигшээ 20:7-оор хол хожиж байсан.

Энэ удаагийн ДАШТ-д өмнөх жилийн Азийн АШТ-д оролцсон 4 тамирчны 3 нь тоглож байна. Ө.Индрагийн оронд 18 настай Н.Нандинхүсэл ДАШТ- оролцож байгаа билээ.

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглогчдоо танилцуулъя.

Б.Ариунцэцэг 24 настай, 180 см өндөр.

М.Цэрэнлхам 29 настай. 178 см өндөр.

Н.Нандинхүсэл 18 настай. 177 см өндөр.

О.Хулан 25 настай. 180 см өндөр.

Монголчуудынхаа магнайг тэнийлгэж, сэтгэлийг догдлуулж чадаж буй тамирчин бүсгүйчүүдээрээ бахархаж байна.

О.Хулангийн хэлсэнчлэн Монголчууд энэ ДАШТ-ийг зүгээр зохион байгуулах гээгүй юм шүү гэдгийг та нар хангалттай харуулчихлаа. Одоо улам их амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ячёёми(66.181.183.205) 2025 оны 06 сарын 29

Баатарууд алтан охид жинхэнэ алмаз

0  |  0
Зочин(59.153.112.175) 2025 оны 06 сарын 28

Тэвчээртэй бноо энэ их халуунд сайн тоглолоо улам их амжилт хүсье дайчин охидоо

1  |  0
Зочин(202.21.116.86) 2025 оны 06 сарын 28

Баяр хүргэе, Амжилт хүсье

2  |  0
Зочин(202.21.116.86) 2025 оны 06 сарын 28

Баяр хүргэе, Амжилт хүсье

1  |  0
Zochin(202.9.46.16) 2025 оны 06 сарын 28

Бахархалтай гоё байнаа, амжилт!

1  |  0
Close menu