Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгчөөр өнгөрсөн хавар сонгогдсон Зимбабвегийн 41 настай тамирчин, улстөрч Кирсти Ковентри эмэгтэйчүүдийн спортод эрэгтэйчүүдийг болон трансжендерүүдийг оролцуулахгүй гэсэн байр суурийг баримталж ажиллахаа зарлалаа.
Кирсти Ковентри 2004, 2008 оны Олимпын аварга, Дэлхийн 7 удаагийн аварга алдартай усанд сэлэгч бөгөөд ОУОХ-ын 10 дахь ерөнхийлөгчөөр сонгогдож, анх удаа тус хорооны хурлыг даргаллаа.
Анхны хурал дээрээ сүүлийн үед маш хурцаар шүүмжлүүлж, их маргаан дагуулаад буй 2024 оны Парисын олимпын наадамд эр бэлгийн эстэй Иман Хэлиф болон Линь Ю Тин хэмээх хоёр боксчныг эмэгтэйчүүдийн ангилалд оролцуулж, алтан медаль хүртэх замыг нь дардан болгосон гэсэн асуудлыг хөндлөө.
ОУОХ-ны өмнөх ерөнхийлөгч Томас Бахыг үүний гол буруутан гэж үзэж, Иман Хэлиф болон Линь Ю Тинээс олимпын алтан медалийг нь хураах ёстой гэсэн шаардлагыг олон нийт тавих болсон. Тэгвэл Кирсти Ковентри нэгэнт олгосон медалийг хураах тухай ярихгүй зөвхөн урагшаагаа харж ажиллана гэж мэдэгдсэн байна. Гэхдээ эмэгтэйчүүдийн спортыг хамгаалахын тулд шинжлэх ухаанчаар ажиллана гэжээ.
Үүний тулд ОУОХ-ын бодлогыг шинэчилж, хүйсийн асуудал дээр эрдэмтдийн багтай хамтран ажиллана гэлээ.
“Энэ асуудал дээр ОУОХ голлох байр суурийг эзэлж, идэвхтэй ажиллах ёстой гэдэг дээр гишүүд бүгд санал нийлсэн. Бид тусгай мэргэжлийн экспертүүд болон Холбооны ажилтнуудын ажлын уялдаа холбоог хангаж ажиллах ёстой. Спортын төрлөөс шалтгаалан ялгаа зааг гарна гэдгийг ойлгож байгаа. Эмэгтэйчүүдийн спортын төрлүүдийг хамгаалах ёстой гэдэг дээр бүгд санал нэгдсэн.
Бид шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Үүнд шинжлэх ухаанчаар мөн хандах ёстой. Гэхдээ өнгөрснийг сөхөлгүйгээр зөвхөн урагшаа харж ажиллана. Өнгөрсөн цаг хугацаанд сурсан ойлгосноо ирээдүйд ашиглаж, хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх болно” хэмээн Кирсти Ковентри мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )