Дүрвэгчдийн лагериас NBA-гийн драфтын 10-т хүрсэн Хаман Малуах

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 27

 

Өчигдөр NBA-гийн энэ жилийн драфт боллоо. Драфтын 10-аар “Хьюстон Рокитс” 18 настай Хаман Малуахыг сонгосныг зарлахад Barclays Center-ийн сандлаас үл итгэх, их баярлах зэрэгцэн толгойгоо сэгсрэн, нулимс арчин боссон залууг хэн гэдгийг Дэлхий нийт мэдэхийг хүссэн юм.

Нулимсаа тэвчиж ядан тайзан дээр гарсан энэ залууг Адам Сильвер танилцуулахдаа “Өмнөд Суданы Румбекээс NBA-д хүрсэн, Дьюкийн их сургуулийн тоглогч” гэж зарласан юм.

 

 

2006 оны есдүгээр сарын 14-нд Өмнөд Суданы төвд орших Румбект мэндэлсэн ч 2013 онд иргэний дайн дэгдсэний улмаас хөрш Уганда руу гэр бүл нь дүрвэн гарчээ.

Хаман хожуу буюу 13 настайдаа анх сагс тоглож эхэлсэн гэнэ. Угандагийн авто зам дагуу алхаж явтал мотоцикл унасан нэгэн эр хэрэг болгон дэргэд нь зогсоод “Хөөе, чи сагс тогломоор юм байна даа. 3, 4 жилийн дараа гэхэд өсчихнө шүү дээ” гэж хэлсэн байна. Тэр өдрөөс эхлэн сагсчин болох тухай бодож, тоглож эхэлжээ.

 

 

“Угандад байдал маш хэцүү болохоор би сагсанбөмбөгийн тухай мэддэг ч үгүй байлаа. Харин дараа нь сагс тоглох дуртай болоод 45 минут алхаж алхаж очдог болсон. Дэн /Луол Дэнг/-ий нэрэмжит тэмцээнд анх оролцохдоо өөртэйгээ ойролцоо өндөр /218 см/ залуусыг хараад “Энэ миний байх газар мөн байна” гэж бодсон” хэмээн өгүүлжээ.

Дүрвэгчдийн лагерьт амаргүй амьдрал дунд яах учраа олохгүй явсан хүү одоо NBA-гийн тоглогч болж буйгаа мөрөөдөл биелсэн явдал гэж тодорхойлоод “Африк хөвгүүдийн хувьд бол энэ пуужингаар ниссэнтэй ялгаагүй. Академийнхан намайг зөв газар, хэрэгтэй цагт чиглүүлж өгсөнд хязгааргүй их талархаж байна” гэжээ. Жилийн өмнө Дьюкийн их сургуулийн багт тоглохоор гэрээ байгуулж, АНУ-д иржээ.

 

 

“Энд би Африк тивийг төлөөлж байна” гээд Хаман Малуах инээмсэглэснээ хүрэмнийхээ дотор талыг харуулахад нэг тал нь Угандагийн, нөгөө тал нь Өмнөд Суданы төрийн далбааны өнгөтэй байлаа.

“Африкт төрж өссөний хувьд би төрсөн тивээ төлөөлж байна. Африкийн сагсанбөмбөгт дуртай хүүхэд бүрт би ирээдүйдээ итгэх итгэл найдвар өгөхийг хүснэ. Драфтын малгайгаа Угандад байхад сагсанбөмбөг зааж өгсөн хоёр дасгалжуулагч руугаа илгээнэ” гэжээ.

 

 

2023 оны ДАШТ-д Өмнөд Суданыхаа шигшээд багтан Филиппинд очихдоо Хаман Малуах тус тэмцээний хамгийн залуу тоглогч болж байлаа. Мөн Парисын олимпын наадамд ч оролцсон.

Өмнөд Суданы шигшээ чансаагаар Дэлхийд 23-д бичигдэж байгаа. Тивийнхээ бол хамгийн өндөр чансаатай баг. 2023 онд ДАШТ-д Өмнөд Судан анх удаагаа оролцсон. Харин 2024 оны Олимпын наадамд урьдчилсан хэсгээ тэргүүлж, эрхээ авсан.

 

 

Энэ улсад сагсанбөмбөг сүүлийн үед эрчтэй хөгжиж байгаа нь NBA-гийн Бүх Оддын тоглолтод хоёр ч удаа шалгаран оролцсон Луол Дэнгтэй шууд холбоотой. Луол Дэнг одоо улсынхаа Сагсанбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд нэг хэсэг өөрөө шигшээ багаа гардан дасгалжуулж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shinee(192.82.88.182) 2025 оны 06 сарын 27

gaihaltai goy medee bn bayrallaa

0  |  0
Shinee(192.82.88.182) 2025 оны 06 сарын 27

gaihaltai goy medee bn bayrallaa

0  |  0
Close menu