"Аваргын цол хураах асуудлыг одоо ЕРӨНХИЙЛӨГЧ шийднэ"

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 30

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өнөөдөр /2019.08.30/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, Баяр наадмын зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн допингтой холбоотой асуудлаар дараах тайлбарыг өгсөн юм. 

БӨХИЙН САЛБАР ХОРООНЫ ДАРГА Г.БИЛГҮҮН: 

-Үндэсний баяр их наадмын Зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хороо өнөөдөр /2019.08.30/ хуралдсан. Баяр наадамд тав буюу түүнээс дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авсныг та бүхэн мэдэж байгаа. 2019 оны наймдугаар сарын 5-нд Допингийн эсрэг үндэсний төвөөс бидэнд мэдээлэл ирсэн. Журмын дагуу 16 бөхөд мэдэгдэж, допингийн төрлийн бодис илэрсэн хоёр бөхөд ажлын 10 хоногийн хугацаанд Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлт гаргаж болно гэж мэдэгдсэн. Ингээд товлосон арав хоногийн хугацаанд нэг бөх нь Б сорьцын шинжилгээ өгье гэж хандан, албан ёсоор буюу бичгээр хүсэлтээ гаргаж өгсөн. Нөгөө бөх буюу энэ жилийн баяр наадамд ес давж, түрүүлсэн Э.Оюунболд аварга Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй учраас нэг ёсондоо нэрийг нь ил тод зарлах нөхцөл бүрдсэн гэж үзэн, түүний нэрийг олон нийтэд зарласан. Товлосон хугацаанд Б сорьц шинжлүүлэх хүсэлт гаргаагүй учир бид асуудлыг нэн даруй хуралдаж, шийдвэрлэх ёстой.

Өнөөдрийн хуралдаанаар салбар хороо өөрийнхөө түвшинд шийдвэрээ гаргаж, төв хороонд уламжлахаар боллоо. Бид допинг хэрэглэсэн нь Олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд тухайн бөхийн барилдах эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасах, давсан давааг нь хүчингүйд тооцох санал гаргах эрхтэй.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журмаар бол цол, чимэг авдаг даваанд допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхтэй барилдсан бөхөд цол, чимгийг нь олгоно. Үндэсний их баяр наадмаар тав буюу түүнээс дээш давахаар ямар нэгэн цол, чимэг өгч байгаа. Журмаараа явах юм бол таваас дээш даваанд допинг хэрэглэсэн бөхөд өвдөг шороодсон бол тухайн бөхийг давсанд тооцдог ийм л журамтай. Тэр журмын дагуу хүсэлт, саналаа хүргүүлнэ.

Цол олгох, хураах асуудлыг Монгол Улсын төрийн тэргүүн шийдэх асуудал. Бид допингийн шинжилгээнд нь үндэслээд бөхийн салбар хороо ямар саналтай байгаагаа уламжилна.

Наадмын дэвжээнд өрсөлдөгч бөхдөө хүндэтгэлгүй хандаж, ёс бус үйлдэл гаргасан Ш.Жаргалсайхан гарьдад хариуцлага тооцох тухай асуудал өмнө нь яригдсан. Гарьдын хувьд дөрвийн даваанд учраа бөхдөө өвдөг шороодоод тахимаа өгөхдөө ёс зүйгүй үйлдэл гаргасан. Энэ асуудал дээр салбар хорооны дийлэнх гишүүд хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд Ш.Жаргалсайхан гарьд өөрөө бидэнд хандсан. “Би буруугаа хүлээж байна. Бөхийн салбар хорооныхонд өөрөө учир байдлаа тайлбарлая” гэсэн хүсэлт тавьж, буруугаа хүлээн, уучлал хүссэн. Гэхдээ нэгэнт зүй бус үйлдэл гаргасан учраас огт хариуцлага тооцохгүй, зөвхөн уучлалт гуйгаад өнгөрнө гэж ойлгож болохгүй. Тодорхой хугацаагаар барилдах эрхийг нь хасах байх. Энэ асуудлыг дараагийн хурлаар хэлэлцэхээр шийдсэн.

А сорьцоос допинг илэрсэн бөхийн Б сорьцын хариу ирмэгц Бөхийн салбар хороо дахин хуралдана. Допинг хэрэглэсэн Э.Оюунболдтой холбоотой салбар хорооны саналыг ирэх даваа гаригт Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд хүргүүлнэ.

Баяр наадам зохион байгуулах хорооны тогтоолоор бөхчүүдийн барилдах эрхийг хасдаг. Цол хураах асуудлыг хорооноос Ерөнхийлөгчид уламжилдаг.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.27) 2019 оны 09 сарын 05

Допинг хэрэглэсэн бөх бидэнд хэрэггүй. Хэнч яаж ч хамгаалсан энэ хүн өнгөрсөн

1  |  0
Zochin(66.181.161.34) 2019 оны 08 сарын 30

Khalhiin naadmiig zaadag hen um be ene odoo.

0  |  0
z(66.181.161.34) 2019 оны 09 сарын 05

Ene odoo Khalkhchuudiin naadmiig zaadag haanaas irsen amitan be. Khalhiin havtgaid bayrlaj chadahgui bol nutagtaa baitsgaaj baigaach

1  |  0
Mongol buh(172.58.139.1) 2019 оны 08 сарын 30

Doping iin shinjilgee ni huuli bus hariug zarlahdaa hurtel 5geshuu bish2hun ongoilgoj zaralsan ni abilga huuli bus zuils ba atg ene humuust shalgalt yavuulna uu

0  |  0
irgen(66.181.161.126) 2019 оны 08 сарын 30

huraalgajdee Hulhi avarga min

0  |  0
Top