"Алга болсон жуулчин Хүйтний оргилд гарсан байж магадгүй"

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 23

Алтай таван богд ууланд авиралт хийхээр энэ сарын 18-нд тус оргилыг зорьсон АНУ-ын иргэн, 40 настай Патрик Жозеф сураггүй алга болжээ. 

Аялал жуулчлалын “Алтай тур” ХХК-ийн ажилтан энэ тухай дуудлагыг энэ сарын 21-ний үдээс хойш Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн бөгөөд дуудлагын дагуу Эрэн хайх, аврах бүлэг Алтай таван богд ууланд эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч одоо хүртэл сураг гараагүй байна. 

АНУ-ын иргэнтэй хамт Австралийн таван иргэн явсан ба тэд бүгд үндсэн бааздаа эсэн мэнд иржээ. 

Энэ талаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас тодрууллаа.

-Алтай таван богд ууланд авирахаар явсан АНУ-ын иргэн алга болсон тухай мэдээлэл авлаа. Танай байгууллагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Ямар нэгэн сураг гарсан уу?

-Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн есөн албан хаагч Алтай таван богд ууланд эрэн хайх ажиллааг явуулж байна. Австралийн тав, АНУ-ын нэг, нийт зургаан жуулчин энэ сарын 18-ны өглөө авиралт хийхээр явсан. Алга болсон иргэн нь “Үндсэн баазад очоод байж байя” гэж хэлээд, түрүүлж буусан гэх мэдээллийг авсан. Араас нь явсан уулчид үндсэн баазаар дайрч, Малчин оргилд гарахад АНУ-ын иргэн байгаагүй гэсэн. Уулчдын баг 21-ний өдөр бууж, буцаж кампдаа ирэхэд ч тухайн иргэн байгаагүй учир манай Онцгой байдлын газарт мэдээлэл ирүүлсэн. Манай газар мэдээлэл авсан дариудаа шөнө бэлтгэлээ хангаж, өчигдөр өглөө 05:00 цагаас есөн хүний бүрэлдэхүүнтэй гарч, Алтай таван богд ууланд өдрийн 12:00 цагт очин, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Одоогоор ямар нэгэн сураг гараагүй байна.

-Эрэн хайх ажлыг эхлүүлээд нэг өдөр өнгөрчээ. Та бүхэнд ямар нэгэн таамаг байна уу?

-Цаашаагаа Алтай таван богд уулын Хүйтний оргилд гарсан байж болзошгүй гэж таамаглаж байна. Гэхдээ Хүйтний оргилд эрэн хайх ажиллагаа явуулахад хүндрэл, бэрхшээл гарах байх. Эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top