Энэ сарын 18-нд Алтай таван богд ууланд авиралт хийхээр Баян-Өлгий аймгийг зорьсон АНУ-ын иргэн 40 настай Патрик Жозеф сураггүй алга болоод хэд хонож байна.
Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийнхэн Алтай таван богд ууланд энэ сарын 22-ны өдрөөс эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч одоо хүртэл ямар нэгэн сураг гарсангүй. АНУ-ын иргэнтэй хамт Австралийн таван иргэн ууланд авиралт хийсэн бөгөөд тэд бүгд эсэн мэнд ирцгээсэн юм. Харин алга болсон уулчин бусдаасаа түрүүлж, Алтай таван богдод гарахаар ганцаараа явсан байсан юм.
Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн есөн албан хаагч өнөөдөр /2019.09.24/ гурав дахь өдрөө Патрик Жозефыг хайж байна.
Алтай таван богд ууланд авирахын тулд Өлгий хотод байрлах хилийн цэргийн ангиас зөвшөөрөл авдаг. Алга болсон уулчны хувьд ямар нэгэн зөвшөөрөл аваагүй гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Харин Австралийн таван иргэний хувьд ууланд авирах зөвшөөрөлтэй байжээ.
Уулчныг Алтай таван богд уулын ноён оргил болох Хүйтний оргилд авиралт хийхээр явсан байж болзошгүй гэх таамгийг дэвшүүлээд буй. Монгол Алтайн нурууны хамгийн өндөр уул болох Алтай Таван Богдын ноён оргил Хүйтэн оргил нь Монгол Улсын хамгийн өндөр цэг юм. Мөнх цаст энэхүү оргил нь далайн түвшнээс дээш 4374 метр өргөгдсөн. Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд орших бөгөөд Монгол Хятадын хилийн дагуу оршдог. Тийм учраас ноён оргилд жуулчин ганцаар авиралт хийх, гарах боломжгүй, өндөр эрсдэлтэй гэдгийг албаныхан онцолж байна. Нөгөөтэйгүүр эрэн хайх ажиллагааг Хүйтний оргилд явуулахад хүндрэл, бэрхшээл тулгарах аюултай хэмээлээ.
Сэтгэгдэл ( 0 )