Сайжруулсан түлштэй холбоотой хяналтын сонсгол хийхийг шаардав

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 08

Аравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд сайжруулсан түлшний угаарын хийнд хордсон гэх 70 гаруй дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, 42 хүн хордож, таван хүн нас бараад байгаа мэдээллийг албаны хүмүүс өгч буй. Ийнхүү сайжруулсан түлшний угаарт иргэд олноороо хордож, харамсалтайгаар амь насаа алдаж буйтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нэгдэн Ерөнхий хяналтын нээлттэй сонсгол хийхийг шаардлаа.

* * *

БИДЭНД ҮНЭН БОДИТ МЭДЭЭЛЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА

НИТХ-ын төлөөлөгч М.Тулга: Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, шахмал сайжруулсан түлш хэрэглэж байгаа. Гэвч сүүлийн үед эрдэнэт хүний амь нас эрсдэх болов. Өмнө нь хоёрдугаар сарын 15-нд сайжруулсан түлш нь хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй гэсэн дүгнэлтийг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас гаргасан байсан. Энэ асуудалд улстөржиж болохгүй. Өвөл айсуй. Тэгэхээр бидэнд үнэн бодит мэдээлэл хэрэгтэй байна. Иймд Монгол Улсын Нийтийн сонсголын хуулийн дагуу ерөнхий хяналтын сонсгол хийхийг НИТХ-ын дарга Р.Дагвад хүргүүлж байна.

* * *

ТАТАЛТ МУУТАЙ ЗУУХ АШИГЛАХ ЮМ БОЛ УГААР ҮҮСНЭ

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун: Энэ бол ямар нэгэн намын акц биш. Улаанбаатарчууд нэг уушгитай. Угаарын асуудал хэрээс хэтэрлээ. Өнөөдөр болж байгаа нөхцөл байдлыг нэгтгэсэн нийтийн сонсголыг явуулах ёстой. Нийслэлийн удирдлагууд өөр өөр мэдээлэлтэй байна. Тиймээс НИТХ-ын төлөөлөгчид нэгдэж тал талын мэргэжилтнүүд оролцсон сонсгол хийж, цаашид хэрэгжүүлэх зөв арга замыг сонгох нь зөв. Сайжруулсан түлш нь коксжуулсан нүүрс учраас таталт муутай зуух ашиглах юм бол угаар үүснэ гэдгийг мэргэжилтэн хэлж байгаа. Харин ямар зууханд хэрэглэж болох, үгүйг иргэд мэдэхгүй байна. Тиймээс дараагийн төлөвлөгөөгөө боловсруулж ажиллах хэрэгтэй.

* * *

УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭД АЙДАСТАЙ БАЙНА

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү: Улаанбаатар хотын иргэд айдастай байна. Сайжруулсан түлшийг хэрхэн түлэх нь тодорхой бус. Албан тушаалтнуудын өгч байгаа мэдээлэл зөрүүтэй байна. Харин нийтийн сонсгол хийж үйлдвэрлэгчид, шийдвэр гаргагчид, хэрэглэгчид, хохирогчид, эрдэмтэн судлаачид бүгд оролцоод буруу хаана байгааг олъё. Агаарын бохирдлыг бууруулахын төлөө нийслэлчүүд онцгой анхаарч байгаа ч хамгийн ноцтой нь шийдвэр гаргагчид мэдээллээ нуун дарагдуулсан байна. Хоёрдугаар сард гарсан дүгнэлтийг нуусан байна. Гол нь хохирч байгаа хүмүүсийн буруу биш. Ажил хийж байгаа хүмүүсийн буруу.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(64.119.25.55) 2019 оны 10 сарын 08

иргэдийн төлөөлөгчид та нар сураглаад суугаад байхгүй зориглоод өрөөнөөсөө гарч яваад газар дээр нь оч!\nTЦоодол

0  |  0
Top