Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн, ахлах мэргэжилтэн Г.Намхайдорж нар өчигдөр/2025.09.15/ Тавантолгой Түлш ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. Тэд өнгөрсөн сард угаарын хий мэдрэгч, зуухны аюулгүй байдлыг хангаж, хяналт тавих чиг үүрэгтэй Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажилласан бол өчигдөр түлш үйлдвэрлэл, түгээлтийн явцтай танилцахаар Тавантолгой Түлш ХХК-д ажиллав.
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрладаг тус үйлдвэр өнгөрсөн жилийн үлдэгдэл мидлингээр 40 000 тонн шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөснөөс гадна БНХАУ-аас импортлох 300 мянган тонн хагас коксон түлшийг савлан, нийслэлчүүдэд түгээх юм. Одоогоор хоногт 600-700 тонн мидлингийн шахмал түлш үйлдвэрлэж, 38 000 тонн нөөц бүрдүүлээд буйг Тавантолгой Түлш ХХК-ийн Үйлдвэр техникийн хэлтсийн дарга Ц.Алтансүх танилцуулав. Мөн тэрбээр үйлдвэрийн савлагааны шугамуудыг нэмэгдүүлж, БНХАУ-аас нийлүүлэх хагас коксон түлшийг хүлээн авч, савлахад бэлэн болоод байгаагаа хэллээ.
Тус компани түлшний нийлүүлэлтийг хянаж, хэрэглэгчдийн хэрэглээг хялбар болгох үүднээс “ХОТУЛА” аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлээд байна.
БНХАУ-аас нийлүүлэх хагас коксон түлшний савлагааг шинэчилж буй. Үүнтэй холбогдуулан Ажлын албаны дарга С.Даваасүрэн “Хагас коксон түлшний галлагааны зааврыг хүн бүрт хүргэх нь чухал. Брошур тарааж, зурагтаар зөвлөмж цацах нь хүртээмжгүй байж болзошгүй. Тиймээс гал түлэх хүн бүрт хүргэхийн тулд асаах зааврыг түлшний уутанд хэвлэж өгвөл илүү хүртээмжтэй, оновчтой шийдэл болно” гэсэн саналыг гаргалаа. Хагас коксон түлш нь 25 кг-аар савлагдаж, шатдаг цаасан материалаар хийгдсэн ууттай байх аж.
Мөн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй нягт уялдаатай ажиллаж, угаар мэдрэгчийн хүртээмж, найдвартай ажиллагааг хангахад анхаарахыг зөвлөв.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо нь төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах чиг үүрэгтэй. Энэ хүрээндээ Тавантолгой Түлш ХХК-д бүх талын дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахаа Ажлын албаны дарга С.Даваасүрэн илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )