Төлбөртэй ашиглуулах СУРАХ БИЧГИЙГ тарааж эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

Ерөнхий боловсролын сурагчдын сурах бичиг хэвлэлт дуусаж, сурагчдын гарт очиж эхэлсэн байна. Энэ талаар Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас дараах мэдээллийг өглөө.

БСШУСЯ-наас сурах бичиг хүргэлтийн талаар “Бага ангийн 39 нэр төрлийн 717799 ширхэг сурах бичиг, тусгай хэрэгцээт боловсролын 10 нэр төрлийн 1500 сурах бичгийг энэ оны долоодугаар сарын 25-нд аймгуудын Боловсрол соёл урлагийн газар /БСУГ/-аар дамжуулан орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад болон нийслэлийн ЕБС-иудад хүргүүлсэн. Дунд ангийн 58 нэр төрлийн 233500 ширхэг сурах бичгийг наймдугаар сарын 5-нд БСУГ-аар дамжуулан аймгийн болон нийслэлийн ЕБС-иудад хүргүүлсэн. Дунд ангийн 200846 сурагчийн 40 хувь буюу нийт 80338 сурагчийн гар дээр сурах бичиг хүрсэн. Ахлах ангийн хувьд 35 нэр төрлийн 120821 ширхэг сурах бичгийг наймдугаар сарын 15-нд сургуулиудад өгсөн. Ахлах ангийн 97020 сурагчийн 40 хувь буюу 36288 сурагч гар дээрээ авсан” гэдэг мэдээллийг өглөө.

Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төлбөртэй үйлчилгээгээр ашиглах сурах бичгийн хэвлэлт, түгээлтийн ажил эхэлсэн байна.

ЕБС-ийн 6, 7 дугаар ангийн сурагчдын сурах бичгийг тендерт шалгарсан долоон компани хэвлэж байгаа ба эхнээс нь сургуулиудад түгээх ажил үргэлжилж байна. Харин 8-10 дугаар ангийн сурагчдын сурах бичгийг өнгөрсөн долоо хоногоос хэвлэж эхэлсэн ба удахгүй сурагчдын гарт очих ажээ. 

Энэ хичээлийн жилээс ЕБС-ийн дунд, ахлах ангийн 180 мянга гаруй сурагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top