ОРХОН: Эрдэнэт хотын хэрэгцээг хангах шахмал түлш үйлдвэрлэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 16

Орхон аймгийн Эрдэнэт хотын хэмжээнд 13190 орчим гал түлдэг суурин эх үүсвэр бүртгэгдсэн байна. Үүнээс гэрийн ердийн зуух 4253, гэрийн сайжруулсан зуух 468, байшингийн ердийн зуух 480, байшингийн сайжруулсан зуух 1417, ханан пийшин 6403, нам даралтын зуух 164 байгааг тогтоосон байна. Эрдэнэт хотын агаарын бохирдлын хэмжээ нийслэл Улаанбаатарын хэмжээнд очоогүй ч цаашид автомашин болон утаат цэгийн тоо нэмэгдвэл өвөлдөө агаарын бохирдол улам нэмэгдэх аж. Эрдэнэт хот нэгдүгээр сарын дунд үед агаарын бохирдол хамгийн дээд цэгтээ хүрдэг байна. 2015 онд агаарт агуулагдах азотын давхар исэл байх ёстой хэмжээнээс 1.7 дахин, 2016 онд 1.4 дахин давсан байна.  

Иймд цаашид агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй түлш үйлдвэрлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Дулааны цахилгаан станцыг түшиглэн ОХУ-ын “PMI sysmems” компанитай хамтран хэрэгжүүлэхээр туршилтын ажил хийж байна. 

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал нар өчигдөр /2019.10.15/ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын удирдлагууд болон ОХУ-ын “PMI sysmems” компанийн инженер, шахмал түлшний үйлдвэрийн патент эзэмшигч нартай уулзлаа. 

Туршилтын журмаар анхны бүтээгдэхүүнийг гаргаж эхэлсэн бөгөөд 14 хоногийн дотор технологийн туршилтыг дуусган 100 шуудайг үйлдвэрлэн Орхон аймгийн зарим нэг айл өрхийг сонгон ханан пийшин, төслийн зуух, энгийн зуух, нам даралтын зуух гэх мэт төрөл бүрийн зуухыг сонгон туршиж үзэх юм. Энэхүү шахам түлшний онцлог нь барьцалдуулагч бодисгүй байх, ямар ч төрлийн зууханд шатдаг, агаар бохирдуулдаг утаа бага байх тал дээр анхааран ажиллаж байгаа ажээ. Цаашид Эрдэнэт хотын түлшний хэрэгцээг бүрэн хангах үйлдвэр ашиглалтад орох юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top