Нийслэлийн Ерөнхий боловсролын I дунд сургуулийн багш нар, эцэг эхийн төлөөлөл болон Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран өнөөдөр /2019.10.16/ тус сургуульд үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэсний төлөө Нэгдүгээр сургуулийн багш нарыг Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, сургуулийн захиргаанаас сургуулийн нэр хүндэд халдлаа хэмээн Зөрчлийн хэрэг нээж, ёс зүйн хариуцлага хүлээлгэхээр болсон талаар тэд мэдэгдэв.
Бага ангийн багш Ч.Чагцал “Манай сургууль дээр 2019 оны есдүгээр сарын 30 болон аравдугаар сарын 1-ны өдрүүдэд үдийн цайнд эрүүл, хаяг шошгогүй, шинжилгээний бичиггүй шүүс, хатсан боорцог тараасан. Ингэхдээ тамхины цаасан хайрцагнаас гаргаж, бохир хувцастай үйлчилгээний ажилчдаар тараалгасан байдаг. Үүнийг бид илчилж, мэдээлэл өгсөн. Энэ бичлэг цахим сүлжээнд тарсны дараа Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Ц.Отгонбор энэ асуудлыг Зөрчлийн хуулийн дагаа шийднэ гэж мэдэгдсэн. Тиймээс бага ангийн багш нар, ялангуяа Ч.Чагцал багш та энэ талаар бусдад мэдээлж болохгүй гэж хэлсэн. Үүний дараа надаас мэдээлэл авсан. Тэгсэн мөртөө сургуулийн бусад багш нар болон эмч, менежер гэх хүмүүсээс ямар нэгэн мэдээлэл аваагүй. Өчигдөр /2019.10.15/ байцаагч Ц.Отгонбор манай сургууль дээр ирж, багш нарт албан ёсны мэдэгдэл хийсэн. Ингэхдээ намайг “Та Нэгдүгээр сургуулийн нэр хүндэд халдсан байна. Тиймээс танд багшийн ёс зүйн дүрмийн дагуу хариуцлага тооцож, Ёс зүйн зөвлөлөөр хэлэлцүүлэх болно” гэж хэлсэн.
Уг нь бидний ойлгож буйгаар энэ хүнсийг нийлүүлсэн захирал, тараасан эмч, сургалтын менежер нь хариуцлага хүлээх ёстой. Гэтэл өнөөдөр яагаад бодит байдлыг мэдээлсэн багш нар хариуцлага хүлээх болчихов оо. Мэргэжлийн хяналтын газар мэдээллийн дагуу хүүхдэд өгсөн хүнсийг шалгаж, шинжлэх ёстой биз дээ. Бид энэ талаар асуухад байцаагч Ц.Отгонбор “Шошгогүй байсан учир "Бенедакт" компани дээр зургаан сая төгрөгийн торгууль тавьсан” гэж хэлсэн. Гэхдээ торгуулийн актаа үзүүлээгүй. Өнөөдөр би Сүхбаатар дүүрэг орж, прокурортой уулзлаа. “Хэрэг хянагдаж дуусаагүй, хяналтын шатанд явж байна” гэсэн хариулт өглөө. Эндээс үзэхэд Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын байцаагч Ц.Отгонбор гэдэг хүн албан тушаалтанд үйлчилж байна” гэв.
Харин Бага ангийн багш Ч.Энхнасан “Манай ангийн хүүхдүүд тэр өдөр тараасан боорцог, шүүснээс үдийн цайндаа идсэн. Маргааш нь буюу аравдугаар сарын 2-ны өглөө гурван эцэг, эх утасдаж, хүүхдүүд нь гүйлгэж, бөөлжиж байгаа тухай хэлсэн. Энэ мэдээллийг би сургуулийн эмч, менежер, нийгмийн ажилтанд мэдэгдсэн. Үүнээс хэд хоногийн дараа намайг дүүрэг дээр дуудаж, мэдүүлэг авсан. Гэтэл өчигдөр Ц.Отгонбор байцаагч сургууль дээр ирж, намайг үндэслэлгүй яриа өгсөн гэж ёс зүйн арга хэмжээ авах болсныг мэдэгдсэн. Би үүнд маш их гомдолтой байна. Би өөрөө үр хүүхэдтэй эцэг хүн. Хүүхэд өвдсөн тухай анги удирдсан багш мэдээлсний төлөө хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгохгүй байна” гэсэн юм.
Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны /МБНҮЭХ/ дарга Д.Мөнхбаатар “Сүүлийн үед Нэгдүгээр сургууль тойрсон асуудал нэлээн анхаарал татаад байна. Энэ хүрээнд Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Нийслэлийн Засаг даргын Боловсрол хариуцсан орлогч н.Анхмаад Нэгдүгээр сургуулийн захирал Д.Цогзолмаад хариуцлага тооцох тухай шаардлага хүргүүлсэн байгаа. Ингээд энэ сарын 3-нд уг асуудлыг ажлын тав хоногт багтаан шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Гэтэл энэ ажлын хэсэгт орсон 10 хүний тав нь ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байна. Тухайлбал, ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Нийслэлийн боловсролын хэлтсийн хуулийн мэргэжилтэн, өргөдөл, гомдлын мэргэжилтэн мөн Мэргэжлийн хяналтын хоёр байцаагч гэсэн эдгээр хүмүүс Нэгдүгээр сургуульд хамран сургах тойрог нь бус атал хүүхдээ оруулсан байдаг. Нэгдүгээр сургуульд өнөөдөр нэгдүгээр ангид хамран сургах тойргийн 98 хүүхэд, тойргийн бус 130 гаруй хүүхэд сурч байна. Өнгөрсөн жил үүнээс бүр илүү байсан. Тэгэхээр жилийн жилд Нийслэлийн дарга, байцаагч гээд албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, хүүхдээ сургуульд оруулдаг гэж бид хардаж байна. Үүнийг манай холбооны зүгээс Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулна" гэлээ.
Сэтгэгдэл ( 6 )
Отгонборыг зайлуулаач ээ
Новшийн байцаагч вэ. Мөнгө л авсан бна
мхг авилга хээл хахуулаар дүүрсэн газар болсон нь ард түмний нүдэн дээр ил байгааг ард түмэн харж байгаа төрийн нэр барьж хулгай хийчихээд ямарч хариуцага хүлээхгүй манай улс авилгад идэгдсэн нь харагдаж байгаа ард түмний нүдэн дээр
Мэргэжлийн хяналт яахаараа багшид ёс зүйн хариуцлага үүрүүлдэг. Одоооноос эхлээд та нартай хэн нэгэн юм яривал өөрсдөд нь хэлээд бүгд хэлсэн ярьснаасаа буцахгүй байя гээд бичлэг хияж бай. Ядаж дууг нь бич. Гэхдээ өөрсдөд н, заавал сануулж хэлэх ёстой. Хэлж буйгаа бас бичиж үлдээ ингэвэл тэр хэлсэн ярьсан хуулийн байгууллага дээр баримт болно.
Отгонбор гэгчийг нэн яаралтай ажлаас нь чөлөөлж, ёс зүйн хариуцлага тооцох хэрэгтэй санагдана.
МХГ -ын авилгачыг сааитуул. Яадаг ландрам бэ? Үнэнийг хэлсэн хүн яахаараа буруутан болдгийн бэ?? МХГ татан буулга хий төсвийн мөнгө идсэн нийгэмд ямар ч хэрэггүй газөар бол энэ газар байна.