Америкийн рэп дуучин Эминем буюу Маршалл Брюс Мэтерс III өнөөдөр 50 нас хүрч байна. Анхныхаа цомгийг тэр 1996 онд гаргасан. 2002 онд зохиосон “8 Mile” киноны "Lose Yourself” дуугаараа тэр “Оскар”-ын шагнал авсан билээ.
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу дуучдын нэг болж, “Грэмми”, “Оскар”-ын шагнал авах хүртлээ Эминем олон саад бэрхшээлийг туулсан.
Эхний бэрхшээл нь хорвоод мэндлээд удаагүй байхад нь тохиолдсон юм. Эцэг нь түүнийг төрөөд хэдхэн сартай байхад нь хаяад явжээ. Өөдгүй ааваас нь түүнд Маршалл Брюс Мэтерс III гэдэг нэр л үлдсэн.
Гэр нь байнга нүүж, шилжиж явдаг байсан тул хүүд найз нөхөд ч байсангүй. Детройтын хар арьстны дүүрэгт амьдарч байхдаа өдөр бүр зодуулж, дээрэмдүүлдэг байлаа. Дэлдэн цагаан арьст хүү хүн болгоны доромжлолын бай болж байв. Эминемийн бага насны дурсамж зодуулсан, цохиулсан гэсэн үгээр эхэлж, уйлсан, зовсон гэдэг үгээр төгсдөг.
Нэг удаа зодуулаад долоо хоног сэхээнд хэвтсэнийх нь дараа ээж нь байраа сольсон байна. Канзаст авга ахындаа нүүж очсон нь хүүгийн амьдрал, хувь заяаг өөрчилсөн юм. Ронни ах нь түүнд “Reckless” цомог бэлэглэснээр тэрбээр рэп дуучин болох зорилго урдаа тавилаа.
13 настайдаа анхныхаа тэмцээнд орсон ч хүмүүс цагаан арьст рэп дуучныг хүлээн авсангүй, “Цонхигор царайт аа, зайл. Рок-н-роллоо дуул” гэж хөөж байв. Гэвч удалгүй түүний авьяас чадварыг бүгд хүлээн зөвшөөрсөн юм.
Сургуулиасаа хөөгдсөн түүнд рэп хөгжмөөс өөр зүйл байсангүй. Харин энэ үед Ронни авга ах нь амиа хорлож, Эминем уран бүтээлээ хэсэг орхисон юм. Түүнийг тайзанд эргэн гарахад хайрт бүсгүй нь тусалсан билээ. Хосууд охинтой болж, Эминем анхныхаа цомог “Infinite”-г гаргажээ. Түүний хоёр дахь цомог болох “Slim Shady” алдарт продюсер Dr. Dre-гийн сэтгэлд хүрсэн тул тэр дороо цагаан арьст рэп дуучинтай гэрээ байгууллаа.
Энэ бол түүний замналын эхлэл байв. Хэвлэл мэдээллээр хүчирхийлэл, арьсны үзлийн эсрэг дуу дуулдаг цагаан залуугийн тухай бичиж эхэллээ. Эминем “Би хар арьстнуудын зохиосон хөгжмийн төрлөөр дуулдаг цагаан залуу. Би рэп хөгжмийг мэднэ, чадна. Хүн хаана, ямар арьстай төрөхөө сонгож чадахгүй” гэж ярьж байв.
Эминемийн шазруун зоригтой үг, уран бүтээл рэпийн ертөнцөд жинхэнэ тэсрэлт болсон юм. Гэвч алдар нэр хүндийн хамт хувийн амьдралд нь шинэ асуудлууд гарч ирлээ. Хайртай эхнэр нь салж, ээж нь өөрийг нь дуундаа шүүмжиллээ гээд шүүхэд түүнийг өгсөн байна. Хар тамхи, архинд орлоо. Амьдрал нь утгагүй мэт санагдаж, амиа хорлох шахлаа.
Гэвч Эминем муу зуршлаасаа салж чадсан юм. Тайзандаа буцан ирсэн тэрбээр одоо ч рэп хөгжмийн оргилд гялалзсаар байгаа.
“Алдар нэр бол миний хүссэн зүйл биш. Би хүмүүст хүндлүүлэхийг хүссэн. Харин хүндлэлтэй цуг алдар нэр ирсэн” гэж тэр ярьж байна.
Ингээд Америкийн “Хамгийн цагаан рэпер”-ийн амьдралын дүрмээс танилцуулъя.
“Би аавыгаа мэддэггүй. Түүний дуу хоолойг сонсоогүй, зургийг нь ч хараагүй. Хэдхэн сартай байхад минь хаяад явсан түүнийг мэдэхийг ч хүсэхгүй байна”
“Дуунд минь гардаг хараалыг би үнэн сэтгэлээсээ хэлдэг. Гэхдээ миний ихэнх дуу хүмүүсийг баярлуулж, инээлгэх зорилготой. Хошин шогийн мэдрэмжтэй хүн л ойлгох байх”
“Нүдээ цавчиж амжилгүй үхэх тохиолдол бий. Тиймээс нүдээ ирмэж, сормуусаа дэрвийлгээд, таалагдсан хүндээ үнсэлт илгээ. Амьдрал гэж үхэлтэй аальгүйтэхийг хэлдэг юм”
“Ядуу зүдүү цагаан арьстнууд байдаг гэдэгт хүмүүс итгэдэггүй. Үнэндээ би үгээгүй гэр бүлд өссөн. Тэр үед найзалж байсан залуустайгаа одоо ч хамт”
“Таныг инээлгэж чаддаг хүмүүстэй хамт бай”
“Мөнгө их байх тусам асуудал их гардаг”
“Би ганц л зүйлээс айдаг. Хайртай охиноосоо салчих бий гэж айдаг”
“Slim Shady бол миний толгойд төрсөн тэнэг бодлуудын цуглуулга”
“Хүмүүс намайг үргэлж галзуу, солиотой байдаг гэж боддог. Харин би хамаг хорон муу бүхнээ студид гаргачхаад бусад үед тайван байдаг хүн”
“Өмд бол эрчүүдийн хувьд эхнэрээс илүү чухал зүйл. Эхнэргүй явж болох газар олон бий. Харин өмдгүй хаашаа явна гэж”
“Би муу хүн. Ийм муу хүн байгаа минь ямар сайн хэрэг вэ”
“Өөрөөрөө бахарх. Чамайг шүүмжилж, өөлөх хүмүүст боломж бүү олго”
“Хэт хол явчихаар буцах хэрэгтэй болдог. Харин эргэж явах гэж бүү яар. Урагш явсан хэвээр дэлхийг тойроод буцаж бас болдог”
“Хэрэв миний цомгийг хүмүүс худалдан авч, миний дуу зурагтаар гарч байвал би амжилт олжээ гэсэн үг. Багадаа нэг охинд дурлаад “Би алдартай хүн болно” гэж хэлэхэд тэр итгэхгүй, намайг “дурласан тэнэг” гэж дооглож байлаа. Одоо тэр охин харамсаж байгаа”
“Хэрэв би хар арьстан байсан бол ингэж зовохгүй байх байсан гэж би боддог байлаа”
“Хүмүүс миний тухай сайт гаргаж, зарим нь надтай адилхан болох гэж мэс засал хийлгэж байна. Гэхдээ би бол би шүү дээ. Тэр хүмүүсээс “Та нар яагаад надад хайртай юм бэ” гэж асуумаар байдаг.
“Хүн өөрийн гарал үүслээс зугтааж чадахгүй. Хувцсаа сольж, үсээ будлаа гээд та шинэ хүн болж чадахгүй”
“Поп дуучин болохыг би хэзээ ч хүсэж байгаагүй. Үеийнхэндээ хүндлүүлэхийг хүсвэл рэп дуул”
“Хүнд таалагдахыг хүсэж байвал эхлээд өөртөө таалагд”
“Би шашны хэнээтэн биш ч Бурханд итгэдэг, залбирдаг”
EMINEM-ИЙН ТУХАЙ 15 БАРИМТ
1. Тэр есөн настайдаа анх рэп дуу сонссон. Ice-T-гийн "Reckless" дуу түүнд рэпийн гайхамшгийг мэдрүүлжээ.
2. "Slim Shady LP" цомгоо гаргах үедээ тэр чиргүүлд амьдардаг хэвээр байв.
3. Эминемийн амьдралдаа бүтэн уншсан ганц ном нь Жеймс Тодд Смитийн "I Make My Own Rules" юм.
4. Гэрт нь орох гэж оролдсон фэнүүдээ буудна гэж сүрдүүлж байжээ.
5. Эминем есдүгээр ангидаа гурван удаа улирч байсан. Эцэст нь сургуулиас хөөгджээ.
6. "Just Lose It" дууныхаа дахилтыг 30 секундэд бичсэн.
7. Хар тамхи татдаг байхдаа тэр “Рокки” киног үздэг зуршилтай байв. Бараг 150 удаа үзсэн гэж дараа нь дурссан.
8. Хар тамхины эмчилгээнд орж байхад нь фэнүүд нь түүний бүх хувцас, эд зүйлсийг нь хулгайлж, нүцгэн үлдэж байжээ.
9. Эминем америк хөлбөмбөгийн “Dallas Cowboys” багийн шүтэн бишрэгч.
10. Түүнийг ээж нь 15 настайдаа төрүүлсэн.
11. Хар тамхины эмчилгээ хийлгэж байхдаа тэр Элтон Жонтой л утсаар ярьдаг байв.
12. Эминем компьютер ашиглаж чаддаггүй.
13. "We As Americans" дууных нь "I'd rather see the president dead" үгийг сонсоод АНУ-ын тусгай албаныхан түүнийг мөрдөж эхэлжээ.
14. Тэр солгой.
15. Фэйсбүүкт 78 сая лайк авсан анхны хүн.
Сэтгэгдэл ( 2 )
Би түүнд маш их хайртай тэр ямар ч байсан би үргэлж шүтнэ жоохон ч байсан том ч байсан би дууг чинь сонсно\n
Agyy rapper big gee hajyyd n Syrag bhgvi haha