Э.ЭНЭРЭЛ, Б.БАТТҮВШИН
Хамаг Монгол төслийг санаачлагч, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Бүгд найрамдах Тува Улсын Гавьяат жүжигчин, дуучин Самандын Жавхлан бие даасан тоглолтоо 9-р сарын 30-нд 14:00 цагаас “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д хийхээр болжээ. Тус тоглолт нь түүний уран бүтээлийн сүүлийн тоглолт гэдгийг тэрээр мэдээллээ.
Дуучин С.Жавхлан хүрэлцэн ирсэн үзэгчдийн мэлмий, сонорыг баясган цэнгүүлж, сэтгэлд хоногшсон хуучны болон шинэхэн уран бүтээлүүдээ эгшиглүүлэн нэгэн мартагдашгүй үдшийг өнгөрүүлэхийг зорьж байна. Тэрбээр “Хурай” нэртэй шинэ дуугаа дүрсжүүлэн Бямба гарагт нийтэд хүргэсэн юм. Тоглолтод нийтийн дууны салбарт нэрээ өргөсөн шилдэг дуучид урилгаар оролцох болно. Тодруулбал, МУГЖ Т.Баясгалан, Л.Болдбаатар, МУСТА Л.Банзрагч, А.Мөнхбат, Д.Бурмаа, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа болон залуу уран бүтээлчид, Монгол Улсын морин хуурын чуулга хүрэлцэн ирэхээр болжээ. Тоглолтын өдөр дулаахан, нарлаг байх төлөвтэй бөгөөд зохион байгуулах багийн зүгээс ахмад настай сонсогчдод зориулан “Төв цэнгэлдэх хүрээлэн”- ийн гол хэсэгт тусгай суудал нэмэлтээр зассан байна. Түүнчлэн дуучин С.Жавхлан Өвөр Монгол, Тува, Халимаг, Буриад зон олноо тоглолтдоо мөн урьсан бөгөөд хүрэлцэн ирэх сонсогч түмнээ үндэсний дээлээр гоён ирж, намрын нэгэн уянгалаг үдшийг хамтдаа сэтгэл дулаан өнгөрүүлэхийг уриалж байгаа юм.
Энэ жил МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар хамтран дуулсны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд тэд “Дулаахан намар” тоглолтод зориулан хуучны болон шинэхэн уран бүтээлүүдээ хамтран дуулж бэлэг барина. Мөн дэлхийн өнцөг булан бүрд байгаа халуун сэтгэлт монгол ахан дүүстээ зориулан тоглолтын шууд дамжуулалтыг хаалттай группт нэвтэрч, чанарын өндөр түвшинд үзэх боломжийг бүрдүүллээ.
Та өөрийн ойр дотнын, эрхэм нандин, баярлуулахыг хүсэж байгаа хэн нэгэндээ дуучин С.Жавхлангийн тоглолтын тасалбарыг бэлэглэж, гэнэтийн бэлэг бариарай. Тасалбарыг Ticket.mn, 1900-1950 дугаарт залган хүргүүлэн авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг “Javkhlan Samand” фэйсбүүк хуудсаас лавлахыг уриаллаа.
Сэтгэгдэл ( 1 )
Увсынхан хөөрхий үзэх сонсох эрхгүй