ХӨНДӨХ СЭДЭВ: Түүхий нүүрс рүүгээ ухармааргүй байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 18

Утааны гамшиг Улаанбаатарын хурц сэдэв болоод нэлээн он жилийг үджээ. Утааг арилгах нэрийн дор төсвөөс олон тэрбум төгрөг зарлагадаад байгаа хэдий ч өнөөг хүртэл асуудлаа шийдэж чадсангүй. “Утаагүй зуух”, “Цэвэр агаар сан” гэх мэт гоё  нэртэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжсээр ирсэн боловч эцсийн үр дүн болох утаа арилсангүй. Харин тэдгээр төсөл хөтөлбөрүүд дээр зохицуулан ажилласан хэдэн нөхдийн халаас л зузаараад үлдсэн байх хэмээн олон нийт хардаж байгаа. Магад ч үгүй.

Утаанаас хамааралтайгаар амьсгалын замын өвчлөл нэмэгдэн, хорт хавдраар нас барах тохиолдол ихсээд байгаа тухай мэргэжлийн байгууллагууд тооцоо судалгааны үндсэн дээр ярьж анхааруулсаар байна. Өөрөөр хэлбэл, өч төчнөөн хүмүүс утаанаас шалтгаалсан чимээгүй үхлээр хорвоог орхиж буй нь бодитой юм. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн гэр хороололд 202 мянган айл өрх амьдарч, тэд тус бүр жилд дунджаар 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэж байсан нь нийслэлийн агаарын бохирдлын 80 гаруй хувийг үүсгэж байв.

Иймд Засгийн газрын зүгээс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг эрс бууруулах бодлогыг дэвшүүлж, 2018 онд “Агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоол, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг тус тус гарган хэрэгжүүлж байгаа билээ. Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2018 оны 02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 62 дугаар тогтоолыг гаргаж, 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс бусад буюу Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон.

Агаарын бохирдлыг шийдвэрлэсэн олон улсын туршлагаас харахад түүхий нүүрсний хэрэглээг сайжруулсан шахмал түлш, нүүрс хийжүүлэлт болон байгалийн хийгээр сольж шийдсэн байдаг. Манай урд хөрш БНХАУ гэхэд л,  Бээжин, Тианжин, Хэбэй мужуудын агаарын чанарыг 2012-2017 онуудад 15-25% бууруулах зорилт тавьж, үүний тулд  уламжлалт зуух, түүхий нүүрсийг сайжруулсан зуух болон сайн чанарын хагас коксжуулсан нүүрсээр сольж, цахилгаан станцуудад 100% бохирдол шүүх шүүлтүүрүүд байрлуулжээ. БНХАУ 2005 оноос эхлэн түүхий нүүрсний хэрэглээг халах замаар агаарын бохирдлыг бууруулах, өвчлөл, нас баралтыг багасгах зорилго тавьж ажилласны дүнд 2015 он гэхэд жилийн нийт агаарын бохирдлоос шалтгаалсан хүн амын нас баралтыг 2005 оны суурь түвшнээс 29%-иар бууруулж чадсан аж.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд айл өрхүүдийн хэрэгцээнд сайжруулсан түлш үйлдвэрлэн нийлүүлэх зорилгоор жилд 700 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий “Таван толгой түлш” ХХК-ийг Засгийн газар байгуулж, Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангаж эхлээд байна. Тус компанийн үйлдвэрлэлд “Ухаа худаг”-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсийг хэрэглэж байгаа юм. Одоогийн байдлаар “Тавантолгой түлш” ХХК 464.1 мянган тонн түлшийг хангамжийн бааз, дундын бөөний төв болон жижиглэн худалдаалах цэгүүдэд түгээх ажлыг зохион байгуулж, өвлийн ид ачааллын үед иргэдийг сайжруулсан түлшээр хангах бэлтгэлээ базааж байна. Сайжруулсан түлшний борлуулалтад хяналт тавих 210 мянган ширхэг карт хэвлүүлж, гэр хорооллын айл өрхүүдэд хороодоор дамжуулан тараасан. Үүний үр дүнд айл өрхийн түлшний хэрэглээ, хэмжээ, чанар, үнэ тарифын талаарх нэгдсэн мэдээллийн сан үүсгэж цаашдын түлшний бодит хэрэгцээг тогтоох боломжтой болох юм.

Харин сайжруулсан түлшний хэрэглээтэй холбоотой асуудал сүүлийн хэд хоногт хэвлэлийн халуун сэдэв болоод байна. Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн хэрэглэх талаарх дүрэм зааварчилгааг дагаж мөрдөлгүй хайхрамжгүй, анхаарал болгоомжгүй хандсаны уршгаар хүмүүс хорт утаанд угаартах явдал гарч, одоогийн байдлаар зургаан хүн амь насаа алдаад байгаа. Шахмал түлшний буруу хэрэглээнээс болж иргэд угаартаж эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсантай холбогдуулан нийслэлийн удирдлагууд, холбогдох албаныхан, дүүрэг хорооны 5000 гаруй ажилтнууд төвийн зургаан дүүргийн айл өрхүүдээр явж түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаарх зөвлөмж, мэдээллийг хүргэн ажиллаж байна. Зөвлөмжийг хүргэснээр угаарын хийнд хордсон гэх дуудлага цөөрч, иргэд харьцангуй мэдээлэлтэй болж, зөв дадал хэвшилд суралцаж эхэлсэн тул өдөрт нэг удаа хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгч байхаар болсон гэдгийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдэгдсэн юм. Мөн Улаанбаатар хотод түүхий нүүрсийг нууцаар оруулж ирж байгаа мэдээлэлтэй холбогдуулан шуурхай штабын бүрэлдэхүүн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ахлуулан хуралдаж, Нийслэлийн нутаг дэвсгэр дэх Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хяналт шалгалтыг эрчимжүүлэх, нутгийн захиргааны байгууллагын удирдлага, албан тушаалтнуудыг гэр хорооллын айл өрхүүдэд хуваарилж, хяналт шалгалтаар явуулахаар шийдвэрлэсэн билээ.

Сайжруулсан шахмал түлшний хэрэглээтэй холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар иргэд, олон нийт янз бүрийн санаа оноотой байгаа хэдий ч эцсийн дүндээ түүхий нүүрс рүүгээ хэрхэвч буцаж орж болохгүй шүү гэх нийтлэг үзэл бодол ажиглагдаж байна. Энэ нь ч зөв зүйтэй хандлага юм. Сайжруулсан түлшийг хэрэглэх явцад зарим сөрөг тохиолдол гарч байгаа хэдий ч үүний цаана тухайн хэрэглэгчийн хариуцлага, өөрийн ухамсраас шалтгаалж байгаа тал бас байгаа. Иргэд өөрсдийн зуух, пийшингээ стандартын дагуу засаж янзлан, сайжруулсан түлшийг ном журмынх нь дагуу хэрэглээд дадвал утаа бүрмөсөн арилчихдаггүй юм аа гэхэд, өмнө жилүүдтэй харьцуулахад тал хувиар буурчих ч юм бил үү. Ямартай ч, яаран дүгнэлт хийхэд одоо арай эрт байна. Өвлийн ид хүйтэн чангарч, хасах 20-30 хэмд бүх айл галлаад ирэх  үед л сайжруулсан түлшний маань жинхэнэ мөн чанар танигдаад ирэх биз ээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.92.55) 2019 оны 10 сарын 19

АН-ын зөвлөлийн дарга Эрдэнэбат нэгэнтээ буцаад түүхий нүүрсээ түлэх зөв гэж ярьсан санагдах юм. Би буруу дуулсан юм болов уу. Хэрэв тэгж хэлсэн нь үнэн бол яанаа. Хүмүүс тэр том дарга тэгсэн гээд л нөгөө түүхий нүүрсээ түлээд утаа тавиад эхлэнэ дээ

0  |  0
Top