Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторитой болж өнөөдөр /2019.10.22/ нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газрын Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Л.Лувсан, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга К.Болат нар болон барилгын салбарын үе үеийн төлөөллүүд оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон аймгийн Засаг дарга А.Гылымхан хэлсэн үгэндээ “Сүүлийн гурван жилийн хугацаанд улсын болон орон нутгийн төсөв, бусад төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн хөрөнгөөр олон барилга байгууламжууд баригдлаа. 2017 онд 21 тэрбум, 2018 онд 51 тэрбум, 2019 онд 70 гаруй тэрбумын бүтээн байгуулалтын ажил хийгдээд байна. Тухайлбал: хүүхдийн 16 цэцэрлэг, есөн сургууль, таван дотуур байр, 100 ортой нэгдсэн эмнэлэг, 50 ортой хүүхдийн эмнэлэг, төрийн үйлчилгээний цогцолбор, үерээс хамгаалах далан, авто вокзал, оношилгооны төв, Өлгий сумын төвд 16 км авто зам барьж, Толбо-Хашаат чиглэлийн 60 км хот хоорондын замыг ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Ирэх онд ч гэсэн улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл тусламжаар барих олон ажил хүлээгдэж байгаа. Энэ их бүтээн байгуулалтын ажлын чанарыг барилгын материалын лабораторигүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Тиймээс Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга К.Болатын орон нутагт барилгын материалын лаборатори байгуулах саналыг дэмжиж ажилласан болно” гэв.
Энэхүү лабораторийн барилгын ажлыг улсын төсвийн 1 тэрбум 173 сая төгрөгөөр “Нур-Едил” ХХК чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн байна. Лаборатори нь импортын болон дотоодын барилгын материалын хийц, бүтэц, эзлэхүүний шинж чанарыг Монгол Улс, олон улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу орчин үеийн лабораторийн шинэ техник, технологи, багаж тоног төхөөрөмж ашиглан, үнэлэмжийг үнэн зөв тодорхойлох ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл ( 0 )