Баян-Өлгий аймаг УЛСЫН доторх УЛС биш!!!

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Адуунд баатар цол олгоё гэж балайрч, НИТХ дээр би дарга, чи дарга гэж солиорч, телевизүүдээр өнгөрсөн баларсан Солонгостоо үзэхээ байсан савангийн дууриудыг цацаж уянгалж байх хооронд нэг чухал сэдэв хөндөгдлөө. Энэ бол Баян-Өлгий аймагт Казахстан улс Консулын газар байгуулах тухай асуудал. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад айлчлахад Казахстаны талаас ийм санал тавьсан нь энэ. Венийн конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор гаднын улсаас консулын газар байгуулах нь нээлттэй. Гэхдээ байна аа, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого явуулдаг Монгол Улс, хоёр их гүрний дунд оршдог гэдэг онцлогоо харсан ч энэ асуудалд болгоомжтой хандах ёстой.

Хууль, эрх зүйн үндэс

Консулын харилцааны тухай Венийн конвенц гэж бий. Энэ конвенцод Монгол Улс нэгдэн орсон. Энэхүү конвенцын 4 дүгээр зүйлд: “Консулын газар байгуулах нь хүлээн авагч улсын зөвшөөрлөөр хийгдэнэ” гэж заасан бий. Нэг ёсондоо манай тал заавал зөвшөөрч байж аливаа улсын консулын газар байгуулагдана гэсэн үг.

Монгол улсын Гадаад харилцааны тухай хууль гэж бий. Энэ хуульд Монгол Улсад гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газар байгуулах, байршлыг тогтоох асуудлыг Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэнэ гэх агуулга бий. Мөн түүнчлэн Дипломат албаны тухай хуульд гадаад улсын дипломат болон консулын байгууллагын үйл ажиллагаа Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд нийцсэн байх ёстой гэдэг ч агуулга байдаг.

Учирч болох эрсдэл

Консулын газар бол албан ёсны дипломат байгууллага. Баян-Өлгий аймагт Казахстан улсын Консулын газар байгуулагдлаа гэж санавал тухайн улсын зөөлөн хүчний бодлого нэмэгдэнэ гэсэн үг. Соёл болон хэл, мэдээллийн нөлөө тухайн орон нутагт нэмэгдэх хандлагатай. Баян-Өлгий аймаг бол казах үндэстэн зонхилдог, хил орчмын стратегийн бүс “зөөлөн хүч”-ний бодлого нэмэгдвэл урт хугацаандаа тодорхой эрсдэл бий. Түүнчлэн хууль бус шилжилт явагдаж, цаашлаад хүн амын бүтэц өөрчлөгдөх ч эрсдэлтэй.

Баян-Өлгий аймагт Казахстан улс соёл, боловсрол, хэвлэл мэдээллийн нөлөө нэмэгдсэнээр орон нутгийн иргэдийн Казахстанд хандах хандлага өөрчлөгдөж “давхар үнэнч байдал" бий болно.

Бүр том зургаар нь харъя. Монгол Улсын баруун бүс нь геополитикийн тодорхой онцлогтой. Оростой хойд талаараа, Хятадтай урд талаараа, Казахстантай шууд хиллэхгүй ч маш ойр бүс. Эг ёсондоо гурван том геополитикийн орон зайн орчил гэсэн үг. Атал хөгжлөөрөө бусад бүсээс сул. Ийм нөхцөлд олон талт нөлөөлөл үүсэх магадлалтай. ОХ-ын уламжлалт нөлөөтэй бол Хятад улс эдийн засгийн хүчтэй. Энэ нөхцөлд олон тоглогч ороод ирэхээр харилцааны баланс алдагдах магадлалтай. Яваандаа ОХУ, Хятад харилцааг анхааралтай ажиглана. Илтэд зөрчил үүсэхгүй нөлөөллийн “чимээгүй өрсөлдөөн” нэмэгдэнэ. Ингэснээр Монгол Улсын тухайд баруун бүсийн асуудалд бүх талын балансыг хадгалах шаардлага үүсэж, гадаад харилцаа нэг утгаараа илүү нарийн болно. Баян-Өлгий аймагт Казахстан улс соёл, боловсрол, хэвлэл мэдээллийн нөлөө нэмэгдсэнээр орон нутгийн иргэдийн Казахстанд хандах хандлага өөрчлөгдөж “давхар үнэнч байдал бий болно”. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл “тусгаар улсын үндэстний цөөнх ч биднийг гэх нэг улс бий” гэсэн ойлголт казах түмний менталитетэд аажмаар сууна гэсэн үг.

Монгол Улс хэрхэн хандах вэ?!

Олон улсын дипломатын харилцааны практикт баримталдаг хэд, хэдэн зарчмыг үндэслэн манай тал дараах зарчмыг хатуу баримталж болох юм.

Баримтлах зарчмын санаа:

-Нэн түрүүнд Консулын газар нь зөвхөн консулын чиг үүрэгтэй байх.

-Консулын газрын зүгээс дотоод улс төр, нийгмийн асуудалд оролцохгүй байх.

-Үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль холбогдох бусад хууль тогтоомжид бүрнээ нийцэх.

-Эдгээр тогтоосон зарчмуудыг Консулын харилцааны тухай Венийн конвенцод тулгуурлан албан ёсны нөхцөл болгон тохиролцох.

Нэг ёсондоо хяналтын механизмыг бодитоор хэрэгжүүлэх нь маш чухал гэсэн үг. Гадаад харилцааны яам тогтмол хянах, Консулын ажилтанд олгох экзекватурыг нөхцөлтэй болгох, зөрчил гаргавал оноох шийтгэл нь тодорхой байх.

Байгууллаа гэж санавал Баян-Өлгий аймагт Монгол Улсын зөөлөн хүчний бодлогыг бэхжүүлэх шаардлагатай.

Монгол хэл, соёл, боловсролыг дэмжих, орон нутгийн хэвлэл мэдээллийн орчныг сайжруулах, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх олон төрлийн үйл ажиллагаа явуулах, Засгийн газрын тэтгэлэгт аль болох олноор хамруулах зэрэг зөөлөн хүчний бодлогуудыг өөрсдөө явуулах нь зүйтэй.

***  

Баян-Өлгийд Казахстан улсын Консулын газар байгуулах нь зүгээр нэг дипломат байгууллагын тухай асуудал биш энэ бол Монгол Улс бүс нутагтаа ямар бодлого баримтлах, цаашлаад ямар байр суурьт хүргэх вэ гэдгийг эхлэл юм. Энэ асуудалд поп байр сууринаас хандаж болохгүй. Нарийн судалж, нухацтай шийдвэрлэх асуудал. Зарчмаа тохиролцохгүй дуун дээр нээчихвэл үр дүнд хүрсэн ч юмгүй Консулын газрын үйл ажиллагаа нь зогсож, байгуулагдсанаасаа хойш хаагдаж ч мэднэ. Тэртээ тэргүй Монгол Улсад Казахстан улсын Элчин сайдын яам байсаар атал Консулын газар байгуулах нь хэтэрхий яарсан алхам ч байж мэднэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top