Цагаан ордны ойролцоо дахин буун дуу гарлаа

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Цагаан ордны ойролцоо дахин буун дуу гарчээ. Нууц албаныхан гал нээсэн этгээдийг устгажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нууц албаныхан болон хууль сахиулагчдад мэргэжлийн түвшинд ажилласанд талархал илэрхийлээд эл хэрэг явдал нь Цагаан ордны дэргэдэх Сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулсан хүлээн авалтын үеэр гарсан буудалцаанаас хойш нэг сарын дараа болж буйг онцолсон байна. Тэрбээр энэ хэрэг АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгчдөд зориулж Вашингтонд аюулгүй газар байгуулах нь чухал болсныг харуулж байна гэжээ.

Тодруулбал, энэ сарын 23-нд Цагаан ордны хяналтын цэг орчим буудалцаан болжээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, үл таних этгээд хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан нууц албаныхан руу гал нээсэн байна. Хамгаалалтын албаныхан хариу гал нээж, түүнийг устгажээ.

Тухайн үед Доналд Трамп Цагаан ордондоо байжээ. Буудалцааны дараа Цагааны ордныг түр хугацаанд хаасан байна.

“Fox News” сувгийн мэдээллээр, гал нээсэн этгээд нь Мэрилэнд мужийн оршин суугч 21 настай Насир Бест гэгч байжээ. Тэр хууль сахиулагчдын хараанд нэг бус удаа орж байсан бөгөөд сэтгэцийн эмгэгтэй байсан аж. Хэргийг Холбооны мөрдөх товчоо шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top