Шинэ төрлийн коронавирус өвчний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймагтаа авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхантай ярилцлаа.
-Улсын Онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед танай аймаг урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Бид нэгдүгээр сарын 27-ноос хойш Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг орон нутагтаа шуурхай хэрэгжүүлж ажиллаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд аймгийн Онцгой комиссын хуралдааныг 11, Шуурхай штабын хуралдааныг 16 удаа хуралдуулсан байна. Аймгийн Засаг даргын 24 захирамж, хоёр албан даалгавар гаргаж ажилласан. Коронавирус өвчний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
-Өнгөрсөн хугацаанд Баян-Өлгий аймагт сэжигтэй тохиолдлууд илэрсэн. Хэчнээн сэжигтэй тохиолдлыг бүртгэж, батлах шинжилгээнд хамруулж ажилласан бэ?
-Сэжигтэй дөрвөн ч тохиолдол гарсан. БНХАУ-аас ирсэн нэг иргэн халуурсан шинж тэмдэг илэрч, хавьтагч нарыг нь тусгаарлах арга хэмжээ авсан. Тухайн иргэнийг эмнэлэгт тусгаарлаж, дээж авч шинжилгээг ХӨСҮТ-д хүргүүлж ажилласан. Шинжилгээний хариу сөрөг буюу эрүүл гарсан. Тэр иргэнтэй хамт ирсэн иргэдийг ажиглалтад авч ажилласан байгаа.
Мөн гуравдугаар сарын 2-нд халдвар тээж ирсэн Франц улсын иргэнтэй хамт ирсэн Англи улсын иргэн нь Улаанбаатар - Увс аймгийн чиглэлд ниссэн байна. Тухайн нислэг нь замдаа манай аймагт 25 хүн буулгасан. Тэр хүмүүсийг ажиглалтад аваад ажиллаж байна. Мөн Францад зорчоод гуравдугаар сарын 3-ны өдөр эх орондоо ирсэн иргэнийг шуурхай ажиглалтад авсан. Хамт онгоцоор ирсэн 33 иргэнийг ажиглалтад аваад байна. Шинжилгээг Улаанбаатар руу ХӨСҮТ рүү хүргэж, оношийг нь тодруулж ажиллаж байна.
Сүүлд өнгөрсөн хагас сайн өдөр Казахстан улсаас ирсэн 10 хүнээс нэг залуу халуурсан. Хил дээр халууныг нь үзэхэд хэвийн байсан. Баян-Өлгийд ирсэн дариудаа халуунтай гарсан. Хамт ирсэн иргэдийг нь ажиглалтад авч, тухайн иргэнийг эмнэлэгт тусгаарласан. Шинжилгээг ХӨСҮТ рүү энэ сарын 15-ны өдөр явуулсан. Шинжилгээний хариу өнөөдөр /2020.03.17/ гарна. Энэ хүмүүс нь замдаа автомашин нь эвдрээд хээр хоёр хоносон байдаг. Тэгэхэд тухайн залуу даарсан байх магадлалтай гэж аав нь хэлж байгаа. Аав нь хамт ирсэн юм билээ. Шинжилгээний хариуг хүлээж байна.
-Хилээр орж ирж буй иргэдэд ямар хяналт, шалгалт хийж нэвтрүүлж байгаа вэ?
-Улаанбайшинтын боомт дээр зохих хяналт шалгалтыг тавьж ажиллаж байна. Өнгөрсөн жил тарваган тахал гарч тухайн үед манай албан хаагчид хяналт шалгалт явуулж ажиллаж байсан. Мөн албан хаагчдын дунд тодорхой сургалтыг зохион байгуулсан. Иймд туршлага хуримтлуулсан учраас халдвараас урьдчилан сэргийлэх хяналт, холбогдох арга хэмжээг сайн авч ажиллаж байна.
Сэжигтэй тохиолдол бүхий иргэдийг тухай бүрт нь тусгаарлах, хяналтад авах арга хэмжээг зохион байгуулж байгаа. МСҮТ болон дотуур байранд иргэдийг тусгаарлах байр бэлдсэн. Цаашид шаардлагатай бол хувийн зочид буудлуудыг тусгаарлах байраар ашиглах талаар ярьж тохирсон. Манай хөрш Казахстан, ОХУ-д халдвар тархсан. Энэ орнуудад зорчоод эх орондоо баруун аймгийн иргэд ирэхдээ дээрх боомтоор орж ирдэг. Тухайн иргэдээс сэжигтэй тохиолдол илэрсэн нөхцөлд хот руу болон бусад аймгууд руу нэвтрүүлэх боломжгүй. Аймагтаа тусгаарлах ёстой. Тиймээс эхнээсээ тусгаарлах байрыг нэмж бэлтгэх шаардлагатай учраас бэлэн байдлыг хангаж байна. Мөн хоол, хүнсний бэлтгэлийг хангаад ажиллаж байна.
-Хэчнээн алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж ажиллаж байна вэ?
-Нэгдүгээр сарын 27-ноос хойш зөвхөн аймгийн төвд гэхэд найман постод ээлжээр 55 хүн ажиллаж байна. Эмнэлэг, онцгой, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын ажилтнууд ажиллаж байгаа. Тэдгээр албан хаагчдыг хоол, хүнсээр хангах ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд аймгийн эмнэлэг, онцгой, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагууд маш их ачаалалтай ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 7 )
Ene humuus iim ubaigui ium yariad baihs h gejdee.Ehleed ene birusees hol bayydaa.Iun Zasag darga solih tegeh shaardlaga baihgui
Mundag hasag zasag darga bnaa. Hul horiogoo sain hiigereei
Zasag dargiig n halh hvneer solih heregtee
Zasag dargiig n halh hvneer solih heregtee
gudamjuuddaa bairlulsan haygaa mongol usgeer nemj bairshuulaarai ta.\n
yamar ih tenedeg ulsuud veee
Good.