Дэлхийн ноолуурын зах зээлд чанартай, баталгаатай бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх эхлэл тавигдлаа

2019 оны 10 сарын 25

“Монголын хаан ширхэгт” ноолуурын олон улсын форум /2019.10.24/ Улаанбаатар хотноо боллоо. Тус форумын онцлог нь “Монголын хаан ширхэгт” ноос, ноолууран бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, улмаар олон улсын зах зээлийн түвшинд бренд болгох үйл ажиллагааны эхлэл тавигдаж байна. Энэхүү форум нь дэлхийн зах зээлд чанартай, тохирлын баталгаатай, байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх эхлэлийг тавьж, үйлдвэрлэл эрхлэгчид, худалдан авагчид, бизнесменүүдийн хувьд харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх үндэс суурь болж, салбарын хөгжилд шинэ боломж, үр дүн авчирна гэж үзэж байна.

 

“Монголын хаан ширхэгт” ноолуурын олон улсын форумыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нээж, Дэд сайд Сауле, УИХ-ын гишүүн, Монголын ноос, ноолуурын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй Элчин сайдын яамд, үндэсний үйлдвэрлэгчид,  малчдын хоршооны төлөөлөл, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тулгуур  зорилтын нэг бол “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-д тусгагдсан аж үйлдвэрийг дэвшилтэт техник, технологи, инновацид суурилан хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэх асуудал бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур”, “Монгол экспорт” хөтөлбөр зэрэг нэн чухал бодлогын баримт бичгүүдийг Засгийн газраас боловсруулан, хэрэгжүүлж байна.

Монгол улсын Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын боловсруулалтын төвшинг ахиулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд зориулан хөрөнгө оруулалтыг дэмжих, шаардлагатай дэвшилтэт техник, технологийг нутагшуулах, Монгол ноолуурын өнгө, давуу чанарт тулгуурлан бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, “Монголын хаан ширхэгт” тохирлын баталгаатай бүтээгдэхүүнийг хөгжүүлж, олон улсын төвшинд  байр сууриа бэхжүүлэх, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд халгүй, чанар аюулгүйн стандартын шаардлага хангасан ээлтэй бүтээгдэхүүн, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч байна.

“Ноолуур” хөтөлбөрийн хэрэгжүүлэхээр Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллаж, тус банкны эх үүсвэрээс 2018 онд 188.2 тэрбум төгрөг, 2019 онд нийт 82.9 тэрбум төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд олгоод байна. Хөнгөлөлттэй зээлд 2018 онд хамрагдсан үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2017 онтой харьцуулахад самнах үйлдвэрлэл 33.8%, ээрэх үйлдвэрлэл 28.6%, сүлжих үйлдвэрлэл 42.7%-иар тус тус өсөж,  нийтдээ 1570 гаруй ажлын байр шинээр нэмэгдсэн байна. Ноолуурын салбарын нийт экспорт 2018 онд 390.2 сая ам.долларт хүрч, өмнөх онтой харьцуулахад 21.2 хувиар өссөн. Энэ оны эхний 9 сарын байдлаар 370 орчим сая ам.долларын экспорт хийгээд байна.

“Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлын үр дүнгийн нэг нь 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдөр зохион байгуулагдах “Монголын хаан ширхэгт” ноолуурын олон улсын форумын үеэр танилцуулах “Монголын хаан ширхэгт” ноолуурын чанарын гэрчлэх тэмдгийн хөтөлбөр юм.

 

Ноолуурын олон улсын форумын үеэр УИХ-ын гишүүн, Монголын ноос, ноолуурын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, ХХААХҮЯ-ны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ТЗУГ-ын  дарга Т.Жамбалцэрэн нар “Говь” ХК, “Эвсэг”ХХК, “Ханбогд” ХХК-иудад “Монголын хаан ширхэгт” тохирлын гэрчилгээг гардуулан өгсөн юм.

“МОНГОЛЫН ХААН ШИРХЭГТ” тохирлын тэмдэг нь 100% монгол ноолуураар үйлдвэрлэгдсэн, Байгальд ээлтэй, тогвортой ноос ноолуурын үйлдвэрлэлийг гэрчилнэ.

“Монголын хаан ширхэгт” ноолуурын чанарын гэрчлэх тэмдгийг  Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам эзэмшдэг бөгөөд уг гэрчлэх тэмдгийг олгох зарим эрх, үүргийг гүйцэтгүүлэхээр Монголын ноос, ноолуурын холбоотой гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” болон “Хөдөө аж ахуйн  нэмүү өртгийн сүлжээг дэмжих” Техник туслалцааны төсөл, Монголын ноос ноолуурын холбоотой хамтран “Монголын хаан ширхэгт” чанарын тэмдэгт бүтээгдэхүүнийг баталгаажуулах хөтөлбөр, хэрэгжүүлэх бүтэц зохион байгуулалтыг шинээр боловсруулж, түүхий эдээс эхлээд эцсийн бэлэн бүтээгдэхүүн хүртэлх бүхий л шатанд багагүй ажлуудыг хийсэн байна. “Монголын хаан ширхэгт” бэлэн бүтээгдэхүүний стандартыг боловсруулахад салбарын инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид, үндэсний болон олон улсын мэргэжилтнүүдийн баг хамтран ажиллаж, хэрэглэгчдийн  эрэлт хэрэгцээнд тулгуурлан олон улсын жишигт нийцүүлэн шинээр боловсруулсан байна. Мөн “Монголын хаан ширхэгт” гэрчлэх тэмдэгт бүтээгдэхүүн болон үйл явц, үйлчилгээний тохирлын үнэлгээний  баталгаажуулалт хийх эрх бүхий албыг Монголын ноос, ноолуурын холбоо ТББ-ын дэргэд байгуулахад дэмжиж, Стандартчилал хэмжил зүйн газрын Итгэмжлэлийн газар, баталгаажуулалтын зөвлөх компани, олон улсын болон үндэсний судлаачид хамтран чадавхижуулах ажлууд хийлээ. Баталгаажуулалтын аудитор бэлтгэх сургалтыг зохион байгуулж, 5 аудитор албан ёсоор эрхээ авлаа.

Эх сурвалж: ХХААХҮЯ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top