Монгол улсын шүүхийн 2019 оны гуравдугаар улирлын шүүн таслах ажиллагааны тойм мэдээллийг өнөөдөр /2019.10.28/ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өглөө.
Захиргааны болон иргэний хэргийн шийдвэрлэлтийн талаар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах “Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 4756 хэрэг буюу 13.5 хувиар буурсан байна. Иргэний хэрэг ийнхүү буурахад гэрээний эрх зүйн маргаан, онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн хэрэг маргаан, хөдөлмөрийн эрх зүйн маргаан, газрын маргаан буурсан нь голлон нөлөөлжээ. Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн 3178 иргэний хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 29 хэргээр буюу 0.9 хувиар буурсан бөгөөд гэрлэлт цуцалсан хэрэг 57 хэргээр буюу 3 хувиар, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэрэг 19 хэргээр буюу 2.4 хувиар тус тус буурчээ. Харин эцэг тогтоосон хэрэг 30 хэргээр буюу 9.1 хувиар өссөн байна. Газрын маргаан 20 хэргээр буюу 8.9 хувиар, татварын маргаан 8 хэргээр буюу 16.7 хувиар, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 26 хэргээр буюу 52 хувиар, тендерийн маргаан 25 хэргээр буюу 2.3 дахин, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 31 хэргээр буюу 2.4 дахин, барилгын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан хоёр хэргээр буюу 15.4 хувиар тус тус өссөн. Харин төрийн албаны маргаан 46 хэргээр буюу 18.9 хувиар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 6 хэргээр буюу 12 хувиар, ашигт малтмалтай холбоотой маргаан 2 хэргээр буюу 1.7 хувиар, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 12 хэргээр буюу 38.7 хувиар тус тус буурсан байна” гэлээ.
Анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар улиралд эрүүгийн 10098, иргэний 30501, захиргааны 1180 хэрэг нийт 41779 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэлээ. Үүнээс 11297 зөрчилд шийтгэл оногдуулан, 661 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 1618 хүнд баривчлах, цагдан хорих арга хэмжээ авч, 1443 хүний цагдан хорих хугацааг сунгажээ. Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3798 хэргээр буюу 8.3 хувиар буурчээ. Үүнээс иргэний хэрэг 4746 хэргээр буюу 13.5 хувиар буурч, эрүүгийн хэрэг 867 хэргээр буюу 9.4 хувиар, захиргааны хэрэг 81 хэргээр буюу 7.4 хувиар тус тус өссөн байна.
Түүнчлэн энэ хүнийг алах, залилах, мал хулгайлах, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийн тоо буурсан эерэг үзүүлэлттэй байна.
Сэтгэгдэл ( 0 )