Төрийн ёслолын албаны ажилтан НААДМЫН ТАСАЛБАР дамлан худалджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 04

Төрийн ёслолын албанаас НААДМЫН ТАСАЛБАРЫГ ДАМЛАН ХУДАЛДСАН хэргийг хуулийн байгууллага шалгахаас татгалзсан байна!

Жил бүрийн улсын их баяр наадмын үеэр нээлтийн тасалбарын хүртээмжийн асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулсаар ирсэн. Энгийн иргэд нээлтийн тасалбар худалдан авах гэж олон хоног дугаарлан хонодог жишиг тогтоод удаж буй. Энэхүү эрэлт хэрэгцээг дагаад тасалбарын үнийг хэд дахин нугалж, бусдад худалдан, дундаас нь ашиг олдог хэсэг бүлэг байдаг тухай яригдсаар ирсэн ч энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж байсан удаагүй юм. Тэгвэл энэ жилийн наадмын нээлтийн тасалбарыг Төрийн ёслол хүндэтгэлийн  албаны албан тушаалтан бусдад дамлан худалдаж, их хэмжээний ашиг олсон хэрэг гарсан байна.

Хэргийг шалгуулахаар иргэн Д Авлигатай тэмцэх газар /АТГ/-т хандсан боловч прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ.

Дээрх хэргийн тухай дэлгэрүүлбэл, таван жилийн өмнөөс жуулчны бизнес эрхэлсэн нэр бүхий компани 2019 оны наадмаар Тайвань улсаас 34 жуулчин хүлээн авч, хөтөлбөрийн дагуу наадмын нээлт үзүүлэхээр болжээ. Улмаар Нийслэлийн аялал жуулчлалын газарт хандахад арваас илүү тасалбар олгох боломжгүй гэх хариу авсан аж. Ингээд долоодугаар сарын 9-ний өдөр “Наадмын нээлтийн тасалбар худалдана” гэх фэйсбүүк зарын дагуу холбогдсоноор ширхэг нь 24 мянган төгрөгийн үнэтэй тасалбарыг 150 мянган төгрөгөөр худалдан авахаар болжээ. Улмаар нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах “Ногоон төгөл” хотхоны гаднаас 33 тасалбарыг нийт 5,950,000 төгрөгөөр худалдан авсан аж. 

Иргэн Д энэ талаар хэлэхдээ “Бид жуулчдыг хүлээн авахдаа нэг жилийн өмнөөс захиалгаа авч хөтөлбөрөө танилцуулдаг. Гадаадын жуулчид зуны улиралд, ялангуяа долоодугаар сард манай үндэсний баяр наадмыг үзэж сонирхох гол зорилготой байдаг. Гэвч нээлтийн тасалбар олно гэдэг бидэн шиг хүмүүст маш их асуудал болдог. Хэрэв бид жуулчдад хөтөлбөрийн дагуу нээлтээ үзүүлж чадахгүй бол дараа дараагийн ажил гэж байхгүй болно шүү дээ. Тиймээс тухайн үед аргагүйн эрхэнд наадмын тасалбарыг өндөр үнээр худалдаж авсан” гэлээ.

Түүний худалдаж авсан тасалбар нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 16 дугаар секцийн 11-р эгнээнд байрлалтай дараалсан суудалтай байсан гэх ба энэ хэсэгт төрийн албаныхан, өндөр дээд хэмжээнийхэн ихэвчлэн суудаг аж. Тиймээс иргэн Д нэг хүний гарт ийм олон тасалбар байгаа нь хууль бус байх магадлалтай гэж үзээд, АТГ-т хандсан байна. Хэргийг шалгах явцад өндөр үнээр дамлагдсан эдгээр тасалбарууд нь Засгийн газрын ордноос захиалсан 150 тасалбарын нэг хэсэг болох нь тогтоогдсон бөгөөд Төрийн ёслолын албаны ажилтан Н.Мөнхтүшиг гэх хүн эдгээр тасалбаруудыг хүлээн авсан байжээ.

Ингээд Н.Мөнхтүшигийг АТГ-аас дуудаж байцаахад тэрбээр “Нийт 150 тасалбар хүлээн авсан нь үнэн боловч хэнд хэдэн ширхэгийг өгснөө санахгүй байна. Сайд гишүүдэд тараасан. Бичиж тэмдэглэж аваагүй” хэмээн мэдүүлжээ. Улмаар хэргийг прокурорт шилжүүлсэн ч прокуророос уг хэрэгт бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан хариу өгсөн байна. Харин энэхүү хэргийг хаах тухай прокурорын шийдвэрийг гомдол гаргагч иргэн Д зөвшөөрөхгүй байгаа бөгөөд төрийн албан тушаалтан албан тушаалаа ашиглаж, наадмын тасалбар дамлан худалдаж, их хэмжээний ашиг олсон хэргийг дахин шалгуулж, хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Авлигатай тэмцэх газраас хэргийг прокурорт шилжүүлсний дараахан иргэн Д-тай холбогдож, тасалбар худалдсан хүн нь Төрийн ёслолын албаны ажилтан Н.Мөнхтүшиг гэгч өөрөө байсан болохыг түүний утасны дугаараар олж тогтоосон тухай байцаагч нь мэдэгдсэн байна. Нэгэнтээ тасалбар хүлээн авч, бусдад худалдсан хүн нь олдчихсон байхад хэргийг шалгаж, хохирлоо барагдуулахыг хүссэн иргэнд харин байцаагчийн зүгээс “Та энэ хүнтэйгээ хувиараа уулзаж, тохироод илүү төлсөн мөнгөө авах тухайгаа хэлсэн нь дээр. Хэрэв энэ хэргийг цааш шалгаад явбал бүтэн жил шаардагдана” гэх зөвлөгөө өгөөд буцаасан гэх.

Ийнхүү төрийн алба хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж, баяр наадмын тасалбарыг дамлан зарж ашиг олж буй уг үйлдлийг хуулийн байгууллага шалгахаас татгалзсан нь цаашид ч энэ  мэт үйлдлүүд гаарч, жил бүр давтагдсаар байх үндэс болж буйг анхаарах нь зүйтэй.

Нөгөө талаас энгийн иргэдийн хонон өнжин байж олж авдаг Улсын их баяр наадмын нээлтийн тасалбар хэдэн зуугаараа нэг хүний гар дээр очдог, түүнийг худалдаж, их хэмжээний ашиг олдог явдал байж боломгүй юм. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.107.86) 2019 оны 11 сарын 06

ийм л дампуу улсууд шүү. яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ?

0  |  0
Gana(192.82.67.131) 2019 оны 11 сарын 04

Buten jil ch bolson baisan zohih hariutslagiig ni uuruuleh l yostoi biz dee? Yer ni ene tasalbariig damaldag suljee bdg. Heden jiliin umnu bi ch gadnaas ger buliin heden naizuudaa irehed Juulchin kompanias damiin uneer avch l baisan.

0  |  0
unshigch(202.179.24.21) 2019 оны 11 сарын 04

Heleh ch ug alga aa.

0  |  0
Top