Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан өчигдөр /2019.11.04/ орон нутгийн төсвийн хөрөнгөөр Өлгий сумын I багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилтай танилцлаа. Орон нутгийн төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа тус цэцэрлэгийн барилгыг “Алтай Шарговь” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор ажлын 60 хувийг гүйцэтгэжээ. Хэдийгээр хүүхэд багачуудын сайн сайхны төлөө бүтээн байгуулалт сүндэрлэж байгаа боловч ажил нь санхүүжилтийн асуудлаас болж бага зэрэг удааширч байгаа тухай гүйцэтгэгч байгууллагын удирдлагын зүгээс аймгийн Засаг даргад танилцуулж, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэж өгөхийг хүслээ. Харин аймгийн Засаг дарга А.Гылымхан барилгын нэмэлт санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгаж өгөхөө илэрхийлж, Цэцэрлэгийн барилгын ажлыг чанартай гүйцэтгэж ирэх оны зургаадугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхийг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болголоо.
Дашрамд дуулгахад аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт чанарын шаардлага хангахгүй байгаа ашиглалтын хугацаа дууссан цэцэрлэгүүдийг шинэчлэх, тоог нэмэгдүүлэх, хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах тухай хэд хэдэн заалт тусгагдсан байдаг. Энэхүү мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудын хүрээнд аймгийн хэмжээнд нийт 16 цэцэрлэг шинээр баригдаж байгаа ба үүнээс 11 нь ашиглалтад орж, бяцхан үрс тохилог орчинд хүмүүжиж байгаа юм.
Дээрх цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор тус багийн хүүхэд багачуудын 90 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломж бүрдэх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )