Ч.Хүрэлбаатар: Би ийм АХА тэмцээнд оролцмооргүй байна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 06

Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ цуцлагдсан. Энэ талаар болон цаг үеийн бусад асуудлыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа. 


-Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц гаргасан. Ингэснээр АМНАТ цуцлагдах болсон. Та Цэцийн шийдвэрийг эсэргүүцэж, мэдэгдэл гаргаснаа тайлбарлахгүй юу?

-Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэрийг Цэц гаргасан. Үндсэн хуульд газрын хөрсөн доорх байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн өмч байна гэж заасан байдаг. Үүнийг ашиглахдаа дэлхийн аль ч оронд АМНАТ-ийг авдаг. Цэцээс энэ төрлийн татварыг хэн төлөх вэ гэдэг нь тодорхойгүй болгосон. Энэ татварын хувь хэмжээг тогтоосон заалтуудыг авчихсан. Ингээд Монгол Улсад 2020 оны төсөвт АМНАТ-өөс 1.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх байсан нь эргэлзээтэй боллоо. Дээрээс нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжээгүй гэж байгаа. Гэтэл “Страто” компани “Эрдэнэс Тавантолгой”-гоос 72 ам.доллараар нүүрс авч байгаа. Үүнээс дотооддоо борлогддог учраас АМНАТ-ийг 2.5 хувиар төлдөг. Гэхдээ борлуулж байгаа “Эрдэнэс Тавантолгой” төлдөг. “Эрдэнэс Тавантолгой” 92 ам.доллараар гаргадаг. Үүнээс 8 хувийн АМНАТ төлдөг. Ашигт малтмалын тухай хуульд давхардуулахгүй гээд заачихсан учраас “Страто” компани 2.5 хувь шингэсэн үнээр авчихаад боловсруулж гаргахдаа 2.5 хувийг хасаад 4 хувийн АМНАТ төлдөг. Би ойролцоо хэмжээ ярьж байгаа шүү. Тэгэхээр боловсруулах үйлдвэрийг дэмжихгүй байна гэдэг нь худлаа. 2006 оноос хойш энэ татвар төлөгдөөд явж байгаа.

-Одоо цаашид энэ асуудал дээр ямар гаргалгаа байж болох вэ?

-Засгийн газрын хуралдаанаар засаад явуулъя гэтэл дэгээрээ УИХ санаачлах ёстой. Тэгээд УИХ дээр ажил нь хийгдээд явж байгаа. Цэцийн шийдвэрээр АМНАТ төлөгч байхгүй болсон. Мөн хувь хэмжээг нь тодорхой бус болгочихлоо. Гэхдээ би уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд баярлаж байна. Тэд нар Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу төлөх ёстой татвар гэдгээ мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Зарим нэг хүмүүс шиг төлөхгүй гэж гүйгээгүй. Төлнө. Энэ бол эх оронч сэтгэлгээ мөн.

-Уул уурхайн яам АМНАТ-ийг цуцалснаар эрсдэл гарахгүй гэсэн. Харин Сангийн яам эрсдэл үүснэ гэлээ. Засгийн газар яагаад дотроо эсрэг байр суурьтай байгаа юм бэ?

-Мэдэхгүй. Засгийн газар анхнаасаа хуулийг өргөн мэдүүлэхдээ ном журмаараа хэлэлцээд өргөн барьсан.

-Цэцийн эцсийн шийдвэр гарахаас өмнө асуудлыг шийдэж болоогүй юм уу. Хугацаа байсан шүү дээ.

-Тийм. УИХ дээр ажиллаж байсан хуулийн асуудал юм.

-ОУВС-гаас орж ирэх мөнгө тасарсан тухай мэдээлэл байна?

-Улиралд 34 сая ам.долларыг Монгол Улсын төлбөрийн тэнцлийг хангах зориулалтаар Монголбанканд олгодог. Энэ бол Засгийн газрын зээл биш.

-УИХ-ын Х, М гэх хоёр гишүүн мөрийтэй тоглоом тоглосон гэх мэдээлэл гарлаа. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мөрийтэй тоглоогүй гэдгээ илэрхийлсэн. Та “Х” үсгээр эхэлсэн нэртэй гишүүний хувьд тайлбар хийнэ үү?

-Би ийм АХА тэмцээнд оролцмооргүй байна. Ийм АХА тэмцээн зохиохоо боль. Энэ нэг л танил технологи яваад байна. Үүнийгээ болих хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.69.120) 2019 оны 11 сарын 07

Зөв тэнгэрлэг бай.

0  |  0
dog(64.119.18.58) 2019 оны 11 сарын 06

Henii medliin ymar erh ashigtai bh n hamaagui uil ajillagaa yvuulj l bgaa bl uls ard tumend tuluh yostoi ymaa buren tuluh l heregteidee !!!

0  |  0
иргэн(202.131.242.254) 2019 оны 11 сарын 07

зөь л хариулт өгсөн байна. жинхэнэ эдийн засагч хүн шүү дээ.массын толгойг угаах гэж энэ хэд үгүй мөн зовж байна аа. бүх мэдээлэл ил болсон шүү дээ худал сенсааци үүсгээд хол явахгүй аль яамнаас ямар хуулийн төсөл оруулж хэрхэн хэлэлцээд баталсан талаар төрийн мэдээлэл сэтгүүл болон хэвлэл мэдээлэлийн сайтуудын мэдээнд байж л байна. энэ сайд руу дайрааад байгаа нь хувийн ашиг сонирхолоо хэрэгжүүлэх алхамд нь саад болоод байгаатай нь холбоотой байх.

3  |  0
Зочин(103.229.123.27) 2019 оны 11 сарын 06

Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хулгайчийг хамгийн түрүүнд Сангийн сайдаас огцруулаачээ.

0  |  2
Top