УИХ-ын гишүүд Цэцийн шийдвэрийн талаар юу хэлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 01

Үндсэн хуулийн Цэц Их суудлын хуралдаанаараа АМНАТ буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг таван хувь болгон тогтоосон Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг цуцлах шийдвэр гаргасан. Ингэснээр уул уурхайн ашигт малтмалыг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төвлөрүүлэх байсан төлбөрийн асуудал цуцлагдаж байна. Тэрхүү төлбөрийг 1.3 их наяд төгрөг байхаар Засгийн газар тооцсон юм. Уг шийдвэрийн талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.

* * *

ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ УИХ ЯАРАЛТАЙ ГОРИМООР АВЧ ХЭЛЭЛЦЭХ ШААРДЛАГАТАЙ

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.ЭРДЭНЭБАТ: Үндсэн хуулийн Цэц АМНАТ-тай холбоотой шийдвэр гаргасан байсан. Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн тодорхой заалтыг зөрчсөн эсэх асуудал маргаан үүсгээд байна. Баялгийг ард түмэнд татвараар хүртээдэг. Газрын доорх баялгийг гадагш нь борлуулж байгаа бол татварын замаар иргэдэд хувь хүртээх учиртай. Энэ асуудал дээр маргаан үүссэн. Миний хувьд газрын доорх баялгийг ашиглаж л байгаа бол татвар төлөх нь зайлшгүй. Гэхдээ давхар татвар уу, үгүй юу гэдгээ УИХ өөрөө шийднэ. Ашигласны татвар, ашиглаад боловсруулсны дараа давхар татвар авах асуудал УИХ дээр яригдсан. Эрх баригчид өөрсдөө шийдсэн. Маргаантай сэдэв үүссэн энэ асуудал төсөвт нөлөөлнө. Гэхдээ Засгийн газар ямар байр суурьтай байгааг эхэлж сонсох учиртай. Ирэх долоо хоногт Цэцийн дүгнэлтийг УИХ яаралтай горимоор авч хэлэлцэх шаардлагатай. Үнэхээр төсвийн орлого тасрах, иргэдэд очих өгөөж нь буурах нөхцөл үүсвэл тодорхой шийдвэр гаргах шаардлагатай. Үндсэндээ үүнийг эрх баригчид өөрсдөө шийдэх ёстой. Нөхөн сонгуультай холбоотой асуудлаар Цэц буруу шийдвэр гаргасан.

Харин одоо хоёр дахь маргаантай шийдвэрээ гаргалаа. Тэгэхээр Цэцийг хариуцлагажуулах асуудлыг хийхгүй бол хөндлөнгийн нөлөө ороод байгаа юм биш үү. Улс төрийн тогтворгүй байдлыг үүсгээд байгаа юм биш үү гэсэн миний байр суурь хэвээр байна. Газрын доорх баялаг ард түмний мэдэлд байгаа. Ард түмэн өгөөжөө хүртэх эрх нь нээлттэй. Үүгээр л асуудал шийдэгдэх болов уу.

* * *

НҮҮРСТЭЙ ХОЛБООТОЙ ЗААЛТУУД ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨНИЙГ ТОГТООСОН

УИХ-ын гишүүн Б.ЖАВХЛАН: Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар өмнө нь гарсан дунд суудлын хуралдааны шийдвэрээ баталгаажуулсан. Би УИХ-ыг төлөөлж хуралдаанд оролцсон. Цэц ашигт малтмалын нөөцийг ашигласны төлбөрийг давхардуулж тавьж байгаа эсэхийг хянасан. Ашигт малтмалын тухай хуулиар гарсан төлбөр бол нэг талаар улсын төсвийг бүрдүүлж байгаа татварын хэсэг. Нөгөө талаар эрдэс баялаг уул уурхайн салбарын хөгжлийн бодлогыг хөндсөн асуудал. Шийдвэрийн хүрээнд татвар, төсөв бүрдүүлэлтийг хариуцаж байгаа салбар эмзэглэх нь мэдээж. Харин эрдэс баялгийн үйлдвэрлэл талаасаа харвал нүүрс дээр татварын давхардал гаргасан шинжтэй зүйлүүд байгаа. Үүнийг эргэж харах хэрэгтэй. Нүүрснээс бусад эрдэс баялаг болох зэс, жонш, алтанд ямар ч асуудал байхгүй. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь, үүн дээр хувьчилсан татварууд хөндөгдөөгүй. Зөвхөн нүүрстэй холбоотой заалтууд нь Үндсэн хууль зөрчсөн шинжтэй байгааг Цэц тогтоосон. Төсөв дээр энэ шийдвэртэй холбоотой төсвийн цоорхой гарч байгаа эсэхийг Сангийн яам хэлэх байх. Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.1 дээр олборлосон нүүрснээс 2.5 хувийн АМНАТ авна гэсэн байгаа. 47.3.2 дээр бусад ашигт малтмалаас гэж байгаа. Энд 2.5 хувийн АМНАТ шингэсэн нүүрсийг худалдаж аваад боловсруулалт хийгээд экспортлох гэж байгаа үнээс дахиад 5 хувийн АМНАТ авах болчихоод байгаа юм. Үүнийг эргэж харах нь зүйтэй гэж харж байгаа. Ашигт малтмалын тухай хуулиа боловсронгуй болгох хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top