Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаараа АМНАТ буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5 хувь болгон тогтоосон Ашигт малтмалын тухай хуулийн гол зүйл заалтыг цуцлах шийдвэр гаргасан. Ингэснээр уул уурхайн ашигт малтмалыг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төвлөрүүлэх байсан төлбөрийн асуудал цуцлагдаж байна. Тэрхүү төлбөрийг 1.3 их наяд төгрөг байхаар Засгийн газар тооцсон юм.
Цэц Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг тус тус зөрчсөн гэж үзээд буй.
Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны дээрх шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн бүлгийн даргын өрөөнд уулзалдсан ба тодорхой тайлбар өгөхөөс татгалзаж байна. Харин УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд С.Эрдэнэ даргын өрөөнд байр сууриа нэгтгэж байгаа харагдсан. АН-ын гишүүдийн зүгээс асуудлыг эрх баригчид шийдэх ёстой хэмээж байгаа юм. АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн тодорхой заалтыг зөрчсөн эсэх асуудал маргаан үүсгээд байна. Баялгийг ард түмэнд татвараар хүртээдэг. Газрын доорх баялгийг гадагш нь борлуулж байгаа бол татварын замаар иргэдэд хувь хүртээх учиртай. Энэ асуудал дээр маргаан үүссэн. Миний хувьд газрын доорх баялгийг ашиглаж л байгаа бол татвар төлөх нь зайлшгүй. Гэхдээ давхар татвар уу, үгүй юу гэдгээ УИХ өөрөө шийднэ. Энэ асуудал төсөвт нөлөөлнө. Гэхдээ Засгийн газар ямар байр суурьтай байгааг эхэлж сонсох учиртай. Ирэх долоо хоногт Цэцийн дүгнэлтийг УИХ яаралтай горимоор авч хэлэлцэх шаардлагатай. Үндсэндээ үүнийг эрх баригчид өөрсдөө шийдэх ёстой” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )