Олон улсын гэрэл зургийн “Siena International Photo Awards” уралдаан өндөрлөж, дүнгээ гаргалаа. Энэ жил уралдаанд мэргэжлийн болон сонирхогч гэрэл зурагчдаас нийт 48 мянган бүтээл ирсэн байна.
Уралдаанд Их Британийн гэрэл зурагчин Жонатан Бэнксийн авсан либери хүүгийн зураг түрүүллээ.
Баруун Африкийн Либери бол олон жилийн турш иргэний дайны хөлд нэрвэгдэж байгаа улс. Олон улсын байгууллагуудаас Либерид энх тайван байдал тогтоохын төлөө олон төрлийн ажил хийдэг. Үүний нэг нь Соёлын наадам юм. Монровид гурав хоног үргэлжилсэн наадмын үеэр Бэнкс энэхүү зургийг авчээ.
Жонатан Бэнкс “Би эхлээд цэргүүдийн зураг авч байлаа. Гэвч ар талд минь нэг юм болж байгааг мэдэрсэн юм. Эргээд хартал бяцхан хүү бөмбөгөө авахаар хүмүүс дундаас гарч ирсэн байв. Энэ хүү дайн дажин хангалттай үзсэн тул цэрэг, буу ямар аюултайг сайн мэднэ. Гэхдээ энэ бөмбөг түүний хувьд маш үнэ цэнтэй зүйл. Бөмбөгөө авахаар гар сунгах хүү буутай цэргээс нүд салгахгүй” гэж шагнал гардуулах ёслол дээр ярьсан байна.
Энэ хэдхэн мөчийг дуранд буулгаж чадсан нь Бэнксийн ур чадвар байлаа. Бяцхан хүүгийн нүдэнд тодрох айдас дэлхий дахин ямар эмзэг, энх тайван гэж ямар тогтворгүй болохыг илтгэн харуулж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )