БАЯН-ӨЛГИЙ: Б.Баастын нэрэмжит II сургууль лаборатори сургууль боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 10

Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Баастын нэрэмжит Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын II сургууль албан ёсоор лаборатори сургуулийнхаа нээлтийн ажиллагааг хийлээ. Тус аймгийн монгол хэлний сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор БСШУС-ын сайдын 2018 оны А/830 тоот тушаалаар Өлгий сумын ерөнхий боловсролын II сургуулийг БСШУС-ын яамны харъяа лаборатори сургууль болгосон юм. 

Нээлтийн үйл ажиллагаанд урилгаар аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Х.Зауре, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан нар болон сургуулийн эцэг эхийн төлөөллүүд, багш сурагчид оролцлоо.

Тус аймгийн хувьд аймгийн ИТХ-ын хуралдаанаар Монгол хэлний хичээлийн чанарыг сайжруулах чиглэлээр гурван дэд хөтөлбөр баталж, БСШУСЯ-наас ач холбогдол өгч хамтран томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч төдийлөн ахиц гарахгүй байгаа юм. Үүнийг салбарын яам болон орон нутгийн зүгээс онцгой анхаарч монгол хэлний сургалтын чанарыг сайжруулах, сурагчдыг болон сургалтын арга зүйг дээшлүүлэх, хичээлд суурилсан сургалтын сайжруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлж улам сайжруулан ажиллахаар зорьж ийнхүү II сургуулийг лаборатори сургуулийн статуст шилжүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top