Баян-Өлгий: Дэлүүн сум Эрэн хайх, аврах бүлэгтэй боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

Хүн амын тоогоороо Монгол Улсын томоохон сумдын нэг болох Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор тус аймгийн Цэнгэл суманд өнгөрсөн зургаадугаар сард Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийг байгуулсан бол Дэлүүн сум ийнхүү ард иргэдэд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэж ажиллах Эрэн хайх, аврах бүлэгтэй болов.

Дэлүүн сум 5594.9 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 9400 гаруй хүн амтай. Манай орны баруун хязгаарт, Алтайн өндөр уулсын дунд оршдог. Аймгийн төвөөс 150 км, Улаанбаатар хотоос 1700 орчим км зайтай, 549.1 мянган га нутаг дэвсгэртэй. Байгалийн эрс тэс уур амьсгалтай, хүн амын суурьшил ихтэй энэхүү суманд зам даваа хаагдах, автомашинтайгаа цасанд суусан гэх дуудлагууд иргэдээс их ирдэг байна.

Бээлийн даваа, Улаагчны даваа, Бураатын даваа зэрэг томоохон зам, даваа хаагдахад хүнд даацын механизм дутагдалтай байгааг бүлгийн дарга, дэслэгч А.Асанбек хэлж байлаа. Эрэн хайх, аврах бүлгийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Дэлүүн сумын Засаг дарга А.Ахылбек, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Анхбаяр болон сум, орон нутгийн удирдлага, ард иргэд оролцов. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top