SOS: Амралтын өдрүүдэд 89 хүн угаарын хийнд хордож, эмнэлэгт хүргэгджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

Өнгөрөгч амралтын өдөр буюу арваннэгдүгээр сарын 16-18-нд угаарын хийд хордсон гэх нийт 89 хүн Яаралтай түргэн тусламжийн төвд ханджээ.

Нийт 30 өрхийн 89 иргэн эмнэлэгт хандсаны 38 нь бага насны хүүхэд байсан бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж, зөвлөгөө авсан байна. Өнгөрөгч аравдугаар сарын 2-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 415 өрхийн 991 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлээд байгаа бол энэ хугацаанд 14 иргэн нас барсан гэх мэдээлэл байна.

Угаарын хийнд хордож нас барсан гэх хамгийн сүүлийн жишээг дурдвал, энэ сарын 12-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны ... тоотод оршин суух 40 настай, эрэгтэй Д.А ил харагдах гэмтэл шархгүй буюу угаартаж нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Өмнөх жилүүдэд хүн угаартсан гэх дуудлага өвлийн улиралд хамгийн ихдээ 250 орчим бүртгэгддэг байсан бол энэ жилийн хувьд нэг сар гаруйн хугацаанд 500 бүртгэгдээд байгаа аж. 

Угаартаж нас барсан, хордсон иргэдийн тоо нэмэгдэж байгааг иргэдийн зүгээс сайжруулсан шахмал түлштэй холбож байгаа бол албаныхны зүгээс галлагааны журам зөрчсөнөөс үүдэлтэй гэх тайлбарыг өгч байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top