Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Цаг уур орчны шинжилгээний газрын Агаарын чанарын мэргэжилтэн Д.Өнөрбат нар өнөөдөр /2019.12.23/ шахмал түлшний түгээлт болоод нийслэлийн агаарын бохирдлын талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлт дээр онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа. Өндөр цэгт амьдардаг, сайжруулсан түлш худалдаалж буй цэгээс хол амьдардаг иргэд түлшээ ойр ойрхон худалдан авахад хүндрэлтэй байна гэдгээ хэлж байгаа. Иргэдийн зүгээс “Шахмал түлш борлуулах цэгийг ойртуулж өгөөч” гэдэг хүсэлтийг удаа дараа ирүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс арга хэмжээ авсан. Батлан хамгаалахын яам, Онцгой байдлын ерөнхий газраас 27 тооны “Зил 130” маркийн автомашиныг үйлчилгээнд гаргасан. Нийслэлийн өндөрлөг 25 газар оршин суудаг иргэддээ сайжруулсан түлш хүргэх үйлчилгээг үзүүлж эхэлнэ. Энэ оны аравдугаар сарын 1-нээс нийслэлийн зургаан дүүрэгт шуурхай штаб ажиллаж байгаа.
Өнгөрсөн долоо хоногоос эхлээд нэмэлтээр онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын мэргэжилтнүүд шахмал түлшний борлуулалт болон түүхий нүүрс түлэхгүй байх асуудалд хяналт тавьж ажиллаж байна. Нийслэлийн сурагчид өнөөдрөөс 21 хоног амарна. Тиймээс сурагчдын амралттай холбоотойгоор ар гэртээ үлдэж байгаа хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Шахмал түлшний хэрэглээ, галлагааны зөвлөмжийг мөрдөж ажиллах шаардлагатай байна.
34 ИРГЭНИЙ 88.5 ТОНН ТҮҮХИЙ НҮҮРСИЙГ УУРЫН ЗУУХАНД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Өнгөрсөн хугацаанд тээврийн товчоон дээр түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчил гараагүй. Харин айл өрхөд өмнөх оны нүүрсээ түлж байгаа мэдээлэл ирж, түүнийг нь битүүмжилж байсан. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаал гарсан. Айл өрхөд байгаа нүүрсийг Багануурын нүүрсний үнээр бодож авах, тухайн түүхий нүүрсийг зөвшөөрөлтэй уурын зуухад нийлүүлэх ажлыг зохион байгуулах шийдвэр гарсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэгт ажлын хэсэг гарч ажиллалаа.
Баянзүрх дүүрэгт долоон иргэний 16 тонн түүхий нүүрс, Сонгинохайрхан дүүрэгт есөн иргэний 11 тонн, Сүхбаатар дүүрэгт зургаан иргэний 28 тонн, Хан-Уул дүүрэгт долоон иргэний 15.5 тонн, Чингэлтэй дүүрэгт таван иргэний 12 тонн түүхий нүүрс, нийт 34 иргэний 88.5 тонн түүхий нүүрсийг тээвэрлэн авч, зөвшөөрөл бүхий уурын зууханд шилжүүллээ. Энэ ажил цаашид үргэлжлээд явна. Нэгэнт түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр гарсан учраас иргэд өөрт байгаа түүхий нүүрсээ дүүргийнхээ Шуурхай штабт мэдэгдэж, Багануурын нүүрсний үнээр бодож мөнгө болгон авах боломжтой” гэлээ.
Цаг уур орчны шинжилгээний газрын Агаарын чанарын мэргэжилтэн Д.Өнөрбат “Та бүхэнд агаарын өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын мэдээллийг хүргэе. Энэ оны арванхоёрдугаар сарын 16-22-ний өдрүүдийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулсан. Зургаан үзүүлэлтээр гаргасан. Хүхэр, Азотын хүчирлэг хий өмнөх жилийнхтэй ойролцоо гарсан байна. Харин PM10 багассан үзүүлэлттэй гарсан. Тоосжилт 50-54 хувь багассан үзүүлэлттэй гарлаа” гэв.
Сэтгэгдэл ( 0 )