УТААНЫ ГОЛОМТ гэгддэг БАЯНХОШУУНД утаа эрс багасжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Олон жил утаанд “дарлуулсан” нийслэлчүүд түүхий нүүрсийг хэрэглээнээсээ халж, шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурч, тэр хэрээр иргэд ам сайтай байна.

Манай сурвалжлах баг өчигдөр өглөө “утааны голомт” гэгддэг Баянхошуунд ажилласан. Өвөл утаандаа төөрөх шахам, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд амьдарч ирсэн Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны иргэд тодорхой хэмжээнд утаанаасаа салсандаа сэтгэл өндөр байна.

Бид тэнд амьдардаг олон иргэний сэтгэгдлийг сонссон. Тэд “Утаа буурсан. Өдийд үзэгдэх орчин хязгаарлагдмал, харанхуй байдаг. Гэтэл утаа эрс багассан байна. Баянхошууны утаа 50 хувь буурсан. Өмнө нь утаа их байсан учраас бараг төөрдөг байсан шүү дээ. Уулын орой харагддаггүй, зам ч сааралтаж харагддаг байсан юм. Баянхошуу маш их утаатай газар. Энэ жил утаа хамаагүй багассан. Засгийн газраас авч, хэрэгжүүлж байгаа шийдвэр үр дүнтэй болж байна. Шахмал түлшээ л зөв хэрэглэж сурах шаардлагатай” гэж үгээ дайж байлаа.

Засгийн газраас түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, шахмал түлшийг нэвтрүүлснээр нийслэл хотын агаарын бохирдол 50 хувиар буурна гэж тооцоолж байгаа юм. Жилдээ 1.2 сая тонн нүүрс хэрэглэдэг байсан гэр хорооллынхон 600 мянган тонн шахмал түлш хэрэглэх тооцоо гарсан байдаг. Утаа, агаарын бохирдлыг бууруулах Засгийн газрын шийдвэр үр дүнгээ өгч байгаагийн тод жишээ болгож утааны голомт гэгддэг Баянхошуунаас “Утаагүй  мэдээ”-гээ бэлтгэн хүргэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.44.189) 2019 оны 12 сарын 23

Bvh hvn l utaa bagassanig medej bgaa. Odo utaa bagassan gej show.dahaa bolie. Oroi bvr tolgoi ovdoj hooloi argaj bn. Ene yunaas bolj bgaa yaj arga hemjee avah u gedeg talaar bicheech! Setgvvlch yum bol hvnd heregtei zvil medeelleech! Hvnd mongo heregtei ch ervvl mend ternees vnetei shv!

1  |  0
Top