НИЙСЛЭЛ: Утаа, угаарын хий мэдрэгчийг зургаан дүүрэгт тарааж эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 13

Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Галымбек, Нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгаас Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй нар оролцлоо.

Нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгаас Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнөөдрөөс нийслэлийн зургаан дүүрэгт угаарын хий мэдрэгчийг тарааж эхэлнэ. Эхний 20 мянган утаа мэдрэгч ирсэн. Утаа мэдрэгч тараах хуваарийг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас гаргаад холбогдох байгууллагууд, мэргэжлийн хүмүүсийн хяналт дор тараана. Эхний ээлжид Хан-Уул дүүрэгт 1285 өрхөд, Баянзүрх дүүрэгт 5000 өрхөд, Чингэлтэйд 3450 өрхөд, Баянголд 1422 өрхөд, Сонгинохайрханд 6933 өрхөд, Сүхбаатар дүүрэгт 1902 өрхөд тараах хуваарь гараад байна. Хүн ам, өрхийн тооноос хамаарч харилцан адилгүй байгаа. Дүүргүүд утаа мэдрэгчээ хүлээн авсан. Утаа мэдрэгчийн хамт зөвлөмж, зааварчилгааг хамт хүргүүлж байгаа” гэлээ.

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Галымбек “Нийслэлийн агаарын чанарын хоёр, гуравдугаар бүсэд утаа мэдрэгчийг тараах шийдвэр гарсан. Энэ хүрээнд Европын стандартад нийцсэн утаа мэдрэгчийг БНХАУ-аас худалдан авах гэрээг байгуулсан. Нийт 200 мянган утаа мэдрэгч авна. Эхний ээлжид энэ бямба гарагт 20 мянган утаа мэдрэгч ирээд байна. Гэр хорооллын иргэдийн хүн амын тооноос хамаарч, дүүргүүдэд хуваарилсан. Утаа мэдрэгч нь иргэдийг угаартахаас сэргийлнэ. Угаар гэрт 30 ppm болсон нөхцөлд энэ дохиолол ажиллаж эхэлнэ. Угаарын хий 200 ppm болсон тохиолдолд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх боломжтой. Угаарын хий мэдрэгч улаан, шар, ногоон гэрэлтэй. Улаан гэрэл ассан тохиолдолд иргэд гэрийнхээ агаарыг сэлгэх ёстой. Ногоон гэрэл 30 секунд тутам асна. Шар гэрэл гэмтэл гарсан эсэхийг харуулах юм. Мөн энэ нь дуут болон гэрлэн дохиогоор анхааруулга өгнө” гэлээ.

Угаарын хий мэдрэгчийг нэг бүрийн үнийг нь 18.500 төгрөгөөр БНХАУ-аас худалдаж авсан байна. Утаа мэдрэгчийг өрх бүрт нэг удаа үнэ төлбөргүй өгөх ба  унтлагын өрөөндөө байрлуулах ёстой ажээ. Үлдсэн 180 мянган утаа мэдрэгчийг ойрын хугацаанд БНХАУ-аас авчрах юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top