“Цөм сүргийн манлай” тэмээний баяр энэ сарын 16-ны өдөр Завханмандал сумын Мандал багийн Харганат хоолойд боллоо. Тэмээний баярын үеэр таван хошуу малын хаан сүргийн манлай Тэмээгээ уралдуулах, тэмээний ерөөл магтаал хэлэх, ботго авхуулж ингэ хөөслөх уламжлалт зан үйлийг үзүүлэх зэрэг нүүдлийн уламжлалт соёлыг таниулах, үзүүлэх арга хэмжээ боллоо. Мөн тэмээ, тэмээчид хоёрынхоо сүр жавхаа уналга эдэлгээний хэрэгсэл, унах, уралдах ур чадварын гайхамшгийг харуулсан урлаг соёлын үзүүлбэрүүд болсон байна.
Тэмээний баярт Завхан аймгийн Дөрвөлжин, Алдархаан, Сантмаргац, Ургамал, Эрдэнэхайрхан, Завханмандал сумын нийт 600 гаруй тэмээчид оролцсоноос гадна зэргэлдээ Увс аймгийн Завхан сумын тэмээчид ч иржээ. Тэмээний баяр арга хэмжээний тэргүүн байрт Ургамал сумын баг шалгарсан бол дэд байрт Завханмандал сум тодорч, гуравдугаар байрт Дөрвөлжин сумы_ тэмээчид удаалсан юм. Ингэ хөөслөх, ботго авхуулах зан үйлийн тэмцээний эхний гурван байрт Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Завханмандал сум шалгарсан бол тэмээтэй сайхан хос шалгаруулах тэмцээнд Завханмандал, Ургамал сумд эхний байруудад шалгарлаа. Харин тэмээний уралдааны эхний байруудад Ургамал, Дөрвөлжин, Завханмандал сумд орсон бол ерөөл магтаал унших уралдааны эхний 1, 2-р байрт Дөрвөлжин, 3-р байрт Сантмаргац сумд шалгарав.
Үзэсгэлэн худалдаанд Ургамал, Завханмандал, Дөрвөлжин сумын малчид амжилттай оролцож тус тус эхний байруудад шалгарчээ. Баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх болсноо зохион байгуулагчид дуулгасан байна. Завхан аймгийн говийн сумдын ИТХ, Засаг даргын тамгын газар, “Нарантуяа” сан хамтран тэмээний баярыг зохион байгуулсан байгуулжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Saihan arga hemjee zohion baiguulsan bainaa