Ойгон нуурт живсэн 143 үхрийн сэгийг гаргахаар ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 13

Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон нуурт живсэн олон тооны үхрийн сэг зэмийг гаргахаар баг бүрэлдэхүүн өчигдрөөс /2020.02.12/ ажиллаж эхэлжээ.

Түдэвтэй сумын Ойгон багт өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сарын 16-нд хүчтэй цасан шуурга шуурсны улмаас 10 өрхийн 143 үхэр Ойгон нуурт живж хорогдсон тул үхрийн сэг зэмийг уснаас татан гаргах ажиллагааг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байсан юм.

Түдэвтэй сумын Засаг даргын 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 3/51 дүгээр албан бичгээр үхрийн сэг зэмийг татан гаргах хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Хүсэлтийн дагуу Завхан аймгийн Онцгой байдлын газраас 16 алба хаагч, Цагдаагийн газраас гурван алба хаагч, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас дөрөв, сумын Засаг даргын Тамгын газраас найм, Ерөнхий боловсролын сургуулиас 12 хүн, хүн эмнэлгээс найм, хүүхдийн цэцэрлэгээс зургаа, орон нутгаас 29 иргэн, нийт 86 хүн, 16 автомашинтайгаар үхрийн сэг зэмийг гаргахаар ажиллаж эхэлсэн байна.

Өчигдрийн байдлаар нуурын захаас 200-300 метрт 30 цооног гаргаж, 30 үхрийн сэг зэм  гаргажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(139.5.218.142) 2020 оны 02 сарын 13

Үхэр малдаа анхаарал тавилдаа. Хариулах , услах ажлаа тогтмол хийж байлдаа.

0  |  0
ard(192.82.65.93) 2020 оны 02 сарын 13

Хотод авч ирээд зарчихваа, нөхөд өө!

0  |  0
Top