Өвөлжилт хүндэрсэн Завхан аймгийн Тэс, Баянтэс,Тосонцэнгэл суманд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан Мал аж ахуй салбарын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах ажлын хэсэг ажиллаж, аймгийн онцгой комиссыг шуурхай хуралдуулаа.
Завхан аймаг 2019 оны эцэст 3849.9 мянган толгой мал тоолуулсан. Тус аймагт 13.5 мянган өрх байгаагаас 9120 малчин өрх, 4471 мал бүхий өрх байна. Тус аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Отгон, сумдын 199 өрхийн 288 хүн, 87.1 мянган толгой мал хөрш зэргэлдээ Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймгуудын 10 сумын нутагт отроор өвөлжиж байгаа юм. Багахайрханы аймаг дундын отрын бүс нутагт 129006 мал сүрэг өвөлжиж байна. Одоогийн байдлаар тус аймгийн есөн сум цагаан зудын байдалтай, таван сум зудархуу гэсэн нөхцөл байдалтай байна. Тодруулбал Тэс, Баянтэс, Тосонцэнгэл, Асгат, Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй, Их-Уул, Тэлмэн суманд өвөлжилт хүндэрчээ. Зарим суманд мал бэлчээрлэх боломжгүй болж, Тэс, Тэлмэн сумын зарим малчидтай холбоо харилцаа тасарсан байна.
Мөн зарим газруудад мал бэлчээрлэх боломжгүй болж өвс тэжээлийн дутагдалд орсон, бага настай малын хорогдол гарч, малын хөл халцрах, омруутах, хамуурах, ширхтэх өвчлөл гарсан, төрийн үйлчилгээг үзүүлдэг сумуудын Эрүүл мэнд, Онцгой байдлын алба, ЗДТГ-ын автомашинуудад эвдрэл гэмтэл гарч, шатахууны зарцуулалт хоёр дахин нэмэгдсэн, Баянхайрхан сумын Минж, Төөнөт багт мал хамуурсан тохиолдол илэрсэн байна. Одоогийн байдлаар Тэс, Баянтэс суманд зам гаргасан бол цаашид Асгат Баянхайрхан суманд үргэлжлэх юм. Эхний ээлжид малчдад өвс тэжээлийн нөөцийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчны хотонд хүргэх ажлыг зохион байгуулжээ. Ингэхдээ дунджаар нэг боодол өвсийг 4000 төгрөгөөр, нэг шуудай тэжээлийг 7000 төгрөгөөр нийлүүлжээ. Завхан аймгийн төсвөөс өвс тэжээлийн үнийн зөрүү, малчны хотонд хүргэх тээврийн зардал, зам даваа гаргах, хүн хүчний зардалд нийтдээ 125 сая төгрөгийг шийдвэрлэжээ. Өвөлжилт хүндэрсэн Завхан аймагт эхний ээлжид 740 тонн өвс, 745 тонн тэжээл шаардлагатай байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )