Шувууд олноороо үхсэн Бага нуурт малаа услахгүй байхыг анхааруулав

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 13

"Хяргас-Нуур Завхан голын сав газрын захиргаа", "Биологийн хүрээлэн"-тэй хамтран Завхан аймгийн Дөрвөлжин сумын "Онц" багт байрлах Бага нуурт 2019-2021 онуудад үхсэн 18 зүйлийн, 5000 гаруй шувууны үхлийн шалтгааныг олж тогтоожээ. Мэргэжлийн багийн хийсэн лабораторийн микробиологийн шинжилгээгээр тус шувуудаас E coli, Salmonella, Citrobacter spp, Klebsiella spp. Escherichia coli, Staphylococcus aureus зэрэг бактериуд илэрсэн байна. Эдгээр бактериуд нь шувууны цитробактериоз, клебсиеллез, колибактериоз, стафилококкоз гэх зэрэг өвчнийг үүсгэдэг ажээ.

Үүнтэй холбоотойгоор сав газрын захиргаа, нутгийн малчидтай хамтран нуурын эргэн тойронд үхсэн малын сэг зэмийг устгах, цэвэрлэх, мал ихээр ундаалдаг газрыг хаших, нуурын эргээр тархсан ургамлын үлдэгдэл, шувуудын үүрийг цэвэрлэх ажлыг  зохион байгуулаад байгаа бөгөөд нуурын ойр орчимд намаржиж буй малчдыг малаа нууранд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулсан байна.

Эргэн сануулахад, 2019 онд Мэргэжлийн хяналтын байгууллагаас шувуудын нүүдэл дуусах хүртэл Бага нуурт нэмж шувуу ирэхээс сэргийлэн үргээгч байрлуулах талаар холбогдох байгууллагуудад зөвлөгөө өгсний дагуу нууранд шувуу үргээгч байрлуулж байсан билээ.

Бага нуур нь Завхан аймгийн төвөөс 380 орчим км зайтай, гадагш урсгалгүй, нуурт цутгал гол, горхигүй, урт 6,2 км, өргөн 1 км, дундаж гүн 7,4 м, давстай нуур юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top