Нэг гэр бүлийн долоон хүн нас барсан хэргийн шүүх хурал болж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2016 онд зам тээврийн ослын улмаас нэг гэр бүлийн долоон хүн нас барсан харамсалтай хэрэг гарч байсан билээ.

Тодруулбал, Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн нутаг, Хүй долоон худаг орох замд 2016 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 20:00 цагийн үед  “Тоёота приус-20” маркийн машин “Тоёота Ланд Круйзер-200” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдсоны улмаас автомашин дотор сууж явсан насанд хүрсэн дөрөв, насанд хүрээгүй гурав, нийт долоон хүний амь нас хохирсон хэрэг гарсан юм.

Тухайн хэргийг гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн харъяаллаар мөн оны есдүгээр сарын 7-ны өдөр Төв аймгийн прокурорын газарт харъяаллын дагуу шилжүүлж ирүүлсний дагуу тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, нийслэлийн прокуророос хяналт тавьж ажилласан. Хавтаст хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудаар эсрэг урсгалд зорчиж явсан “01-16-УНА” улсын дугаартай "Toyota LandCruizer-200” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Улмаар Улсын Ерөнхий прокурорын газраас хэргийг хянаж мөрдөн байцаалтаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж нотолж, тогтоогоогүй байна гэж дүгнэн, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээн шалгаж мөрдөн байцаалтын ажиллагааг дахин явуулсан юм. Ийнхүү хэргийг хоёр жил гаруйн хугацаанд шалгасны дараа шийдвэрлүүлэхээр өнгөрөгч аравдугаар сард шүүхэд шилжүүлээд байсан юм.

Тодруулбал, Тээврийн прокурорын газраас Ө.Цэцэгшагдарт холбогдуулан 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байдаг. 

Харин өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 21-ний өдөр нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. 

 

Талийгаач нарын ар гэрийнхний зүгээс хэргийн холбогдогч тодорхой байгаа энэ хэрэгт мөрдөн байцаагч, прокурорууд нэг талыг барьж ажилласан гэж үзэж байгаагаа илэрхийлээд, шүүх бүрэлдэхүүн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна гэлээ. Хурлын шийдвэрийг бид эргэн хүргэх болно.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хеерхий дее(77.38.148.28) 2019 оны 11 сарын 21

ум мани бадмэ хум

0  |  0
зочин(66.181.184.35) 2019 оны 11 сарын 21

хуулын дээр хөх тэнгэр

0  |  0
Top