Одоогоос гурван жилийн өмнө буюу 2016 онд зам тээврийн ослын улмаас нэг гэр бүлийн долоон хүн нас барсан харамсалтай хэрэг гарч байсан билээ. Хэргийн тухайд, Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн нутаг, Хүй долоон худаг орох замд 2016 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 20:00 цагийн үед “Тоёота приус-20” маркийн машин “Тоёота Ланд Круйзер-200” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдсоны улмаас автомашин дотор сууж явсан насанд хүрсэн дөрөв, насанд хүрээгүй гурав, нийт долоон хүний амь нас хохирсон юм.
Дээрх хэргийг хоёр жил гаруйн хугацаанд шалгасны дараа Тээврийн прокурорын газраас Ө.Цэцэгшагдарт холбогдуулан 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байдаг.
Улмаар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 21-ний өдөр нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, оройн 17:30 цагт шүүх бүрэлдэхүүн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргалаа.
Сэтгэгдэл ( 0 )