Үндэсний бичгээ цахим орчинд хэрэглэх чадварыг сайтар эзэмшихийг уриаллаа

2019 оны 11 сарын 26

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан зохиож буй монгол уран бичлэгийн “Мөнх тэнгэрийн бичиг-2019” сурагчдын бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр /2019.11.25/ Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд боллоо.

2011 оноос уламжлал болгон 8 дахь жилдээ, сурагчдын бүтээлийн үзэсгэлэн хэлбэрээр гурав дахь жилдээ болж буй “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцон үг хэлж, шалгарсан шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа.

“Мөнх тэнгэрийн бичиг-2019” үзэсгэлэнд нийт 310 гаруй сурагч 220 орчим бүтээл дэлгэжээ. Үзэсгэлэн 2019 оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Сурагч багачууд,

Монгол бичигтэн хүүхдүүд ээ,

Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оноос Монгол Улс албан хэргээ үндэсний болон кирилл бичгээр хөтөлж, хос бичигт шилжинэ. Үүний бэлтгэл болгож, Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие хүүхдүүд та нарын адил үндэсний бичигтээ шамдан суралцаж байна. Түүнчлэн Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнуудаас гадаад улс руу явуулж байгаа албан бичиг, захидлууд бүгд монгол бичгээр явж байгаа.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг төлөөлөх гадаад харилцааг үндэсний бичгээрээ явуулж байгаа юм. Их Эзэн Чингис хаан, түүнийг залгамжлагчид, Монголын эзэнт гүрний үед монгол бичиг маань дэлхийн өнцөг булан бүрд хүрч хааны зарлиг, Монголын эзэнт гүрний төрийн хэргийг төлөөлөн залгуулж байсан. Түүн лүгээ адил Эзэн Чингис хааны үр хойчис, Их Монгол Улсын залгамж халаа болсон өнөөгийн монголчууд бид гадаад харилцаагаа хүчирхэг дээдсийн улбаагаар үргэлжлүүлэн явуулж байгаагаа илтгэж байгаа хэрэг мөн.

Үүний зэрэгцээ дотоодод үндэсний бичиг соёлынхоо хэрэглээг нэмэгдүүлэх нь түүнээс ч илүү чухал. Ер нь тухайн улсын иргэд, хүүхэд багачууд үндэсний өв соёл, түүх уламжлалдаа суралцах, гүн бат танин мэдэх явдал бол оршин тогтнохуй хийгээд оюун санааны амин чухал дархлаа болдог.

Ийм учраас бид монгол уран бичлэгийн “Мөнх тэнгэрийн бичиг” уламжлалт үзэсгэлэнг сурагчдын дунд сүүлийн 3 жилийн турш тасралтгүй зохион байгуулж, сурагч багачуудаа өргөнөөр хамруулах, урамшуулах ажлыг хийж хэвшээд байна. Өнөө жилийн үзэсгэлэнд 310 орчим сурагч 220 гаруй бүтээлээр оролцож, үзэсгэлэнгийн цар хүрээ улам өргөжжээ. Цаашид ч энэ үзэсгэлэн хэлбэр, агуулгын хувьд өргөжин шинэчлэгдэж, үргэлжилсээр байх болно. Учир нь энэ бол бид эх оронч, үндэсний үзэл ухамсартай ирээдүй хойч үе, эх орныхоо бахархалт иргэдийг бэлтгэх үйлс билээ.

Энэ үзэсгэлэнгээс шалгарсан сурагчдын бүтээл Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадаад улсын төрийн тэргүүнүүд, өндөр дээд зочдод өгөх гарын бэлэг болон очдог болохыг энэ ялдамд сурагчдадаа дуулгахад таатай байна.

Өнгөрсөн жилийн Үндэсний бичиг үсгийн баяраар миний бие зарлиг гаргаж, монгол бичгийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх, Монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, монгол бичгийн төрөлжсөн улсын олимпиад зохион байгуулж хэвшихийг Боловсролын яаманд үүрэг болгосон. Удахгүй энэ хичээлийн жилдээ багтаагаад хүүхэд багачууд Та нарын дуртай үндэсний бичгийн төрлөөр улсын олимпиад зохион байгуулагдана гэж найдаж байна. Мөн Боловсролын яамнаас энэ үзэсгэлэнд шалгарсан сурагчдын бүтээлийг нийт Ерөнхий боловсролын сургуулиудаар аялуулж, үеийн найзууд, ах эгч, дүү нар нь үндэсний бичигтээ ийм үлгэр жишээ суралцаж, бичиж, бүтээж туурвиж байгааг үзүүлэн таниулж, сурталчлах нь зүйтэй. Орчин үе бол цахим хөгжлийн эрин үе тул сурагчид маань үндэсний бичгээ цахим орчинд хэрэглэх чадварыг хичээлийн хөтөлбөрөөрөө сайтар эзэмшихийг уриалж, аминчлан захиж хэлье. Ингэж байж үндэсний бичиг үсгийн маань ирээдүй батжих болно.

Ингээд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2019” монгол уран бичлэгийн үзэсгэлэнд оролцож байгаа бүх хүүхдүүд, уран бичээч-монгол бичигтэн багачууддаа  гүн талархал илэрхийлж, халуун баяр хүргэе.

Мөнх тэнгэрийн ивээлээр монгол бичиг, үндэсний соёл маань ашид дэлгэрэн дэвжих болтугай» гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа үзэсгэлэнгийн бүтээлүүдтэй танилцаж, нас насны ангилалд шалгарсан сурагчдад шагнал гардууллаа. Мөн Хүүхдийн урлан бүтээх төвийн зургийн дугуйлангийн дунд ангийн сурагчдын ангиар зочилж, яриа өрнүүлэв.

10, 11, 12 дугаар ангийн Ахлах ангилалд
 

  1. Тэргүүн байр: Ганболдын Пүрэвсүрэн – Нийслэлийн Баянгол дүүргийн “Хүрээ тулга” сургуулийн 12а ангийн сурагч. Бүтээл: Миний нутаг
  2. Дэд байр: Мөнхчулууны Цэнгүүн – Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн 12в ангийн сурагч. Бүтээл: Цаасан шувууны сургаал
  3. Гутгаар байр: Батчимэг – Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн 12а ангийн сурагч. Бүтээл: Үндсэн хуулиас
  4. Тусгай байр: Сэргвалын Айсулу – Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн 12а ангийн сурагч. Бүтээл: Өлзий
  5. Тусгай байр: Отгонжаргалын Анхбаяр – Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч. Бүтээл: Би хаана төрөө вэ.


8, 9 дүгээр ангийн Дунд ангилалд 
 

  1. Тэргүүн байр: Цэрэндоржийн Анхцэцэг – Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 86 дугаар сургуулийн 9-ийн 6 ангийн сурагч. Бүтээл: Оюун түлхүүр
  2. Дэд байр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн “Бийрийн жим” дугуйлангийн сурагчдын хамтын бүтээл
  3. Гутгаар байр: Алтанцэцэгийн Маралмаа – Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн 9б ангийн сурагч. Бүтээл: Гэсэр хаан
  4. Тусгай байр: Ням-Очирын Бадармаа – Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 9а ангийн сурагч. Бүтээл: Миний нутаг
  5. Тусгай байр: Хүрэлбаатарын Номин – Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн 9д ангийн сурагч. Бүтээл: Хөх судар


6, 7, 8 дугаар ангийн Бага ангилалд шавь нараа бэлдэж оролцуулсан багш нар 
 

  1. Тэргүүн байр: Даваадоржийн Мөнхчимэг – Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн багш.
  2. Дэд байр: Батсуурийн Алимаа – Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод эрдэм” ЕБС-ийн багш
  3. Гутгаар байр: Дашмягмарын Дуламсүрэн – Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн Уран бичлэгийн багш
  4. Тусгай байр: Жамсрандаваагийн Ишдулам – Нийслэлийн Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн багш
  5. Тусгай байр: Намжилдоржийн Золжаргал – Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн багш

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.28) 2019 оны 11 сарын 26

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
Top