Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг өнгөрөгч аравдугаар сарын 21-ний өдөр цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан.
Өнгөрсөн хугацаанд түүнийг хэрэг шийдвэрлэх явцад саад учруулсан гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан юм. Түнийг ийнхүү хоригдож байхад төрсөн дүү нь нас барсан учраас тэрбээр дүүгийнхээ ажил явдалд оролцохоор батлан даалтад гарах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч түүний хүсэлтийг шүүх хангаагүй билээ.
Улмаар З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр 10:00 цагаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, шүүгдэгч З.Баянсэлэнгэ хорих ангиас хуралд оролцохоор ирээд байсан. Хуралдааны явцад түүний хэргийг тусгаарлаж, З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасны дагуу тэрбээр хорих анги руу буцсан юм.
Харин М.Болортуяа, Ц.Энхтунгалаг, Д.Ганбаатар, Ж.Бурмаа, Д.Баярсайхан, Б.Цэндсүрэн, Л.Чинбат, Г.Тогтохбаатар, Б.Эрдэнэбаатар, Сун Гуан Чин нарын яллагдагч нарыг үргэлжлүүлэн шүүж, оройн 19.30 цагт хурал завсарласан юм.
Шүүх хурал өнөөдөр /2019.11.29/ 10.00 цагаас үргэлжилж, дээрх иргэдийг шүүнэ.
ШҮҮХИЙН ТАЙЛБАР: З.Баянсэлэнгэд холбогдох эрүүгийн хэргийг тусгаарласан талаарх мэдээлэл
Шүүгдэгч З.Баянсэлэнгэ нь өмнөх шүүх хуралд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг нэг сар гарангийн хугацаагаар хойшлуулсан. Шүүгдэгч З.Баянсэлэнгэ болон хэргийн бусад шүүгдэгч нарын өмгөөлөгч нар З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг тусгаарлуулах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч, хэргийг тусгаарлан, бусад шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг үргэжлүүлэн хэлэлцэж байна.
Өмнө нь Улсын Дээд Шүүхээс З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн харъяаллыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тогтоож байсныг үндэслэн хэргийг тухайн шүүхэд шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхтэй бөгөөд уг эрхээр нь шүүх хангаж, боломжит хугацааг олгосон боловч 2019 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч З.Баянсэлэнгэ өмгөөлөгч сонгож аваагүй байсан болно.
Эх сурвалж: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Сэтгэгдэл ( 0 )