А охины аав, ээжийн ЭЦЭГ, ЭХ байх эрхийг хөндөж эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

- ОХИДОО ХАМГААЛЪЯ -

Өсвөр насны 11 настай А охин болон түүний эгч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй талаарх зорилтот сурвалжилгыг Zindaa.mn болон TV8 телевиз цувралаар хүргэж байгаа билээ.

Энэ талаарх нэмэлт мэдээллийг өнөөдрийн сурвалжлагаараа хүргэе. 

Эгч дүү хоёрыг өнгөрсөн баасан гарагт Хүүхэд хамгааллын 108 төвд хүргэсэн юм. Өнгөрсөн баасан гарагт бид А охины гэрт очиход түүний эцэг, эх нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Харин эгчийг нь Хүүхэд хамгааллын төвд аваачихад тэд эрүүл ирсэн байв. Гэхдээ ээжийнх нь нүд хөхөрч, хавдсан байдалтай байсан. Цагдаагийнхан охиныг тус төвд хүргэснийг ээжид нь тухайн үед хэлсэн боловч тэрбээр охиноо Хүүхэд хамгааллын төв рүү явсныг мэдээгүй гэж ярилаа. Охин нь гэртээ ирэлгүй гурав хонож байгаа талаар тэрбээр өнгөрсөн хугацаанд хүртэл цагдаагийн байгууллагад хандаж амжаагүй байсан бөгөөд харин гэрийнхээ ойролцоох интернэт тоглоомын газруудаар хайсан гэж ярьж байв. 

Охины ээж ярилцлага өгөхийг зөвшөөрсний үндсэн дээр бид түүнтэй товч ярилцсан. Баянзүрх Цагдаагийн III хэлтэст энэ яриа өрнөсөн билээ. 


ОХИНЫ ЭЭЖ: АРХИ УУСАН НЬ ҮНЭН, МИНИЙ БУРУУ
 


-Таны охин А гэрээсээ гараад дөрөв хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд та охиндоо санаа зовсон уу. Яагаад цагдаагийн байгууллагад хандаж, асууж тодруулаагүй юм бэ?

-Манай охин их хэцүү хүүхэд. Би үүрийн 05.00 цагаас хойш орой хүртэл авто угаалгын газарт ажиллаж, машин угаадаг. Гэртээ ирэхэд аяга тавгаа угаагаагүй, гэрээ цэвэрлээгүй байж байдаг. Тийм учраас би бухимдсандаа гар хүрдэг нь үнэн. Тэглээ гээд гэрээ орхиод, асрамжийн газар руу явж болохгүй шүү дээ. Ерөнхийдөө 108 төв рүү явлаа гээд явчихаар нь тоогоогүй юм. Өмнө нь ч бас явж байсан болохоор нь.

-Биднийг өмнө танай гэрт очиход та болон таны нөхөр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Архи ууснаас чинь болоод охин тань гэрээсээ дайждаг юм биш үү?

-Миний амьдрал тийм дардан, сайхан байгаагүй. Хоёр охины аав таван жилийн өмнө буюу 2014 онд нас барсан. Нөхөр маань нас барсны маргааш нь том охин гэнэт осолд орж, хөгжлийн бэрхшээлтэй болсон. Манай нөхөр тухайн үед автобусны жолооч, би кондуктор хийдэг байсан. Нөхрийг нас барсны дараа намайг ажлаас халсан. Энэ хэцүү үеэс хойш би архи, согтууруулах ундаа маш ихээр уусан нь үнэн. Миний буруу. Архи уухгүй л бол энэ амьдралаар амьдрахад надад хэцүү байдаг. Шөнө нойр хүрдэггүй. Өглөөнөөс орой хүртэл ажилчихаад гэртээ орж ирмээргүй санагдах үе зөндөө байсан. Гэхдээ би хоёр охиныхоо төлөө л өнөөдөр амьд явж байна.

-Тантай одоо хамтран амьдарч байгаа Ж гэж хүн олон жилийн ял эдэлж байсан  юм билээ. Магадгүй та гуравт таагүй хандаж, хэцүү байдалд оруулдаг уу?

-Нөхрийгөө нас барсны дараа наашаа гэх хүнгүй, ажилгүй, яахаа мэдэхгүй явж байхдаа хоёр жилийн өмнө одоогийн нөхөртэйгөө хамтран амьдарч эхэлсэн. Миний хоёр охинд хойд аав шиг ханддаггүй. Гэрээ цэвэрлэ, хичээлээ хий гэж загнах үе бол бий. Ганц нэг цохиж байгаа харагддаг. Эмэгтэй хүнд түшиж тулах хань хэрэгтэй шүү дээ. Манай хүн муу хүн биш. Хоёулаа архины эмчилгээнд явъя гэж надад байнга хэлдэг. Өчигдөр шөнө миний нойр хүрэхгүй, олон юм бодож хонолоо. Бид хоёр үнэхээр архины эмчилгээнд явахыг маш их хүсэж байна. Тэгээд амьдралаа сайхан болгомоор байна.

ЭГЧ ДҮҮ ХОЁР 90 ХОНОГ ХҮҮХЭД ХАМГААЛАХ ТӨВД АМЬДАРНА

Энэ үед Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэсэг дээр энэ үед Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо болон Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар ирж таарсан юм. Бидний бэлтгэсэн сурвалжилга олон хүнд хүрч байгаа нь сайшаалтай. Гэвч цаашид охидыг яах талаар гарц хараахан олдоогүй байна. Гэхдээ бас ч гэж муугүй. Монголын эмэгтэйчүүдийн холбооны зүгээс охид болон ээжийг нь Түр хамгаалах байранд хамгаалалтад авч, архины эмчилгээнд явуулах санал гаргалаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болсон эгчийгээ асрахын тулд сургуулиа орхисон А охиныг сургуульд оруулж, 13 настай эгчийг нь эмчилгээнд хамруулах тухай асуудал ч яригдсан. 

Эх сурвалжийн мэдээлснээр Цагдаагийн байгууллагаас А охины гомдлын мөрөөр зөрчлийн хэрэг нээж, түүнийг шүүх шинжилгээнд үзүүлэхээр шинжээч томилжээ.

Энэ талаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Ч.Сарнай  “Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4-т зааснаар хэрэг нээн шалгаж байна. А охин болон түүний эгч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн үү гэдгийг шалгахаар Шүүх, шинжилгээний хүрээлэнд шинжээч томилсон. Дүгнэлт гарахыг хүлээж байна. Шүүх, шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт гарч, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн шинж илэрсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн, эцэг, эх байх эрхээс нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй бол Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авна” гэсэн юм.

Ямартай ч эхний ээлжинд 11, 13 настай эгч дүү хоёрыг 90 хоногийн хугацаанд Хүүхэд хамгааллын 108 төвд байрлуулж, сэтгэл зүйн засал, эмчилгээ хийж эхлээд байна. 

Хамгийн сүүлд авсан мэдээллээр охидыг Шүүх, шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлсэн ба Шүүх шинжилгээний дүгнэлт 14 хоногийн дараа гарах аж. Дүгнэлт гарсны дараа дараагийн арга хэмжээг авах юм.

“Охидоо хамгаалъя” зорилтот сурвалжилга үргэлжлэх болно.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.166) 2019 оны 12 сарын 08

Зөв шүү өсвөр насны охидыг буцааж өгвөл юу болох нь тодорхой бна ш дээ битгий өгөөч гуйж бна

0  |  0
.(176.41.152.29) 2019 оны 12 сарын 05

Boli oo.ohidiig bitgii ergvvlj og.ene 2 arhinii emchilgeend yavlaa ch zasraad bvh yum sain saihan bolno gevel estoi looloo bailgvi

0  |  0
Zochin(150.129.143.83) 2019 оны 12 сарын 04

Ene muu lalriin yanhan eh ghd gomdmoor pizdal buh ymand buruutaishd. Uhej dald ormor, huurhii ohiduud. Ymar ch zolgui tavilan be dee! Bur uneheer buhimdaj bn, huurhii ohiduud tsutsutsu

0  |  0
Evii...hecuu yuma(202.21.124.129) 2019 оны 12 сарын 04

Зарим нь хайранд бөмбөрч байхад...хувцас...авч өгие

0  |  0
раш(59.153.85.64) 2019 оны 12 сарын 04

Архидалт ажилгүйдлээс үүсэж байна. Төр засаг нийгэмд ээлтэй бодлого барьж, аж ахуй үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг бий болгуулах хэрэгтэй. Одоогийнх шиг татвар, авилгалаар дарамталж хөгжлийг хаах хэрэггүй.

2  |  0
Ard(24.19.4.149) 2019 оны 12 сарын 04

Yasan udaj gardgiin ilerhii baigaa uiman deer. Hund surtaltai novshnuud.

0  |  0
Top