УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжээд байгаа юм.
Хуулийн төсөлд Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ, олон суваг дамжуулах үйлчилгээ, олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ, арилжааны радио, телевизийн үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар тусгаж, түүний үйл ажиллагааны онцлог зохицуулалт болох эзэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага болон зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага зэрэг зохицуулалтуудыг тусгасан байна. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг гурван удаа, ажлын дэд хэсэг найман удаа хуралдаж хуулийн төслийн талаарх саналаа нэгтгэн нэгдсэн шийдэлд хүрчээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 59, найруулгын гурван санал, зарчмын зөрүүтэй долоон санал гаргасан байна.
Ажлын хэсгийн саналуудад өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг зөвхөн хуулийн этгээдэд олгох, ингэхдээ тусгай зөвшөөрлийг нээлттэйгээр сонгон шалгаруулах, харин гадаадын хөрөнгө оруулагч бүхий хуулийн этгээдэд радио, телевизийн газрын сүлжээний болон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хориглох зэрэг чухал санал багтжээ. Мөн хуулийн этгээд нь радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ, олон суваг дамжуулах үйлчилгээ, өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ гэсэн үйлчилгээний гурван төрлөөс зөвхөн аль нэг тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж болохоор өөрчлөн найруулсан байна. Төрөөс өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, радио, телелизийн үндэсний бүтээл үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаар дамжуулан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг ард иргэдэд алслагдсан, сүлжээ хүрээгүй газарт хүртээмжтэй хүргэх, үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэж хүргэх, өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн бүтээл үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг байнгын хорооны гишүүд дэмжлээ.
Түүнчлэн “Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээний ашиглалтыг төр хариуцах бөгөөд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг энэ хуулийн 29.1.5-д заасныг баримтлан үнэ төлбөргүй дамжуулна” гэж, төслийн 23 дугаар зүйлийн 26.6.5 дахь хэсгийг “өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн хөтөлбөрт эзлэх үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг” гэж өөрчлөн найруулахаар болов. Түүнчлэн радио, телевизээр дамжуулах аливаа хэлбэрийн зар сурталчилгааны хязгаарлалт, хөтөлбөрийн ивээн тэтгэлт, төлбөрт, захиалгат, теле-худалдааны нэвтрүүлгийн талаарх зохицуулалт хийхтэй холбогдсон журмыг Зохицуулах хороо баталж, хэрэгжилтэд хяналт тавих, радио, телевиз эрхлэгчид нь Зар сурталчилгааны тухай хуулиар хязгаарласан сурталчилгаа бэлтгэж, нэвтрүүлэхийг хориглох саналыг дэмжлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Diskovre tv -iin mongol orchuulagtai suvag nee fizikiin hicheeld