УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон 44 гишүүнээс 37 гишүүний саналаар баталлаа.
Хуулийг 2020 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх тухай заалт бүхий УИХ-ын тогтоолын төслийг мөн чуулганаар хэлэлцэж, 74.4 хувийн саналаар баталлаа.
УИХ-ын тогтоолын хүрээнд 2020 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс өмнө Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг дагалдан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм.
Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлээд байсан юм.
Хуулийн төсөлд Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ, олон суваг дамжуулах үйлчилгээ, олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ, арилжааны радио, телевизийн үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар тусгаж, түүний үйл ажиллагааны онцлог зохицуулалт болох хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага болон зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага зэрэг зохицуулалтуудыг тусгаад байгаа аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг УИХ баталж гарган гэдэгт итгэлтэй байна. Энэ системд ажиллаж байсан хүний хувьд хуулийн зохицуулалтгүй явж ирсэн. Харин одоо төр бодлогоор дэмжих хууль гарч байна. Хуулийн үйлчлэлээр боловсон хүчин чадавхжиж, 15 хувиас доошгүй орлогын IP TV эрхлэгчдээс хурааж авна гэдэг том зохицуулалт орж байгаа. Олон сувгийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагууд 2018 онд 700 орчим сая төгрөг өгсөн байдаг. Хуулиар ийм төлбөр төлөх үүргийг чөлөөлж байгаа. Тэгэхээр кабелийн телевизүүдийг дэмжиж байгаа хэлбэр. Цаашид сайн контент бэлтгэх боломж энэ хуулиар бүрдэнэ. Нөгөө талаар хариуцлага нэмэгдэж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн М.Билэгт “Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийнхэн нийгэмд байгаа идээ бээрийг нотлох баримтад үндэслэн гаргаж ирдэг. Үүнийг дагаж хууль хяналтын байгууллага шалгаж ажилладаг. Телевизүүдээс гадна хувийн сайтуудын контентууд хөгжиж байгаа. Эдгээрийг зөв талаас нь дэмжих нь чухал байна” хэмээлээ.
Харин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Бид 1990 он хүртэл нэг телевизтэй явж ирсэн бол өнөөдөр өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа явуулах 88 телевиз, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх 85, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх 16, олон сувгийн үйлчилгээ эрхлэх 51 тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй болж эрчимтэй хөгжиж байна. Нөгөө талаар чанаргүй контент бэлтгэх, зар сурталчилгаа хэт ихсэх, хоорондоо ялгаагүй мэдээлэл гаргах зэрэг байдал гарч байна. энэ бүхнийг шийдвэрлэх зорилгоор хуулийн зохицуулалт хийж байна. Хууль батлагдсанаар салбар тогтвортой хөгжих боломж бүрдэнэ. Түүнчлэн сэтгүүлчийн хараат бус ажиллах боломжийг зохицуулж байгаа. Өргөн нэвтрүүлгийн салбарын мэдээллийн ил тод байдлыг тодорхой болгож, эздийн байр суурийг зохицуулна. Миний бие орон нутагт ажиллаад ирсэн. Одоогоор 58 телевиз орон нутагт ажиллаж байна. Орон нутгийн телевиз, радионууд тусгай сангаас дэмжлэг авах боломжтой юу? Мөн харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт хийгдэж буй шинэчлэлийн хүрээнд хувь хүний мэдээллийг хамгаалах чиглэлээр ямар ажил хийх вэ?” хэмээн асуулаа.
Үүнд Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга А.Лувсан-Очир “Хуульд “Өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх сан” байгуулахаар тусгасан. Сангийн хөрөнгийг улсын олон орон нутгийн хөрөнгөөс, дотоодын болон бусад аж ахуйн нэгжийн хандив тусламж, бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ. Хуульд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид, радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид гэж тодорхойлсон. Улаанбаатар болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бүх үйлчилгээ эрхлэгчид бүгд хамаарна. Үндэсний бүтээл, хүүхэд, танин мэдэхүй, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана” хэмээн хариуллаа.
Мөн Харилцаа холбоо, мэдээллийн газрын дарга Б.Чинбат “Хувь хүний өгөгдөл хамгаалах чиглэлээр хуулийн төслүүд боловсруулж байгаа. Цахим хэрэглээ өсөхийн хэрээр энэ асуудал хөндөгдөж байгаа. Хур системд төр, хувийн хэвшлийн 100-аад байгууллага холбогдсон. Өнгөрсөн жил хур системд 30 сая хандалт хийсэн. Ялангуяа хувь хүний мэдээллийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал хурцаар тавигдаж байгаа. 5G сүлжээ нэвтэрч байгаатай холбоотой олон улсын зүгээс зөвлөмжүүд ирж байгаа” хэмээн нэмэлт тайлбар хийсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )