УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ. Уг хуулийн төслийг Засгийн газраас буюу УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа өргөн барьсан бөгөөд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндсийг тодорхой болгож, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хараат бус, бие даасан радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн зах зээлийн шударга өрсөлдөөний нөхцөл бүрдүүлэхэд уг хуулийн төслийн зорилго оршиж байгаа аж.
Төсөл санаачлагчийн зүгээс хуулийн төсөл батлагдсанаар "Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нөхцөл, журмыг хуульчилж, хөрөнгө оруулах эрх зүйн таатай орчин бүрдэнэ. Мөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид тавих шаардлага тодорхой болж, радио, телевизийн зар сурталчилгаа, тэр дундаа нийгэмд тустай зар сурталчилгаа явуулах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болно. Сэтгүүлч болон редакцын зөвлөлийг улс төрөөс хараат бус, бие даан ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ахиц гарна. Өргөн нэвтрүүлгийн зах зээлд хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх журам тодорхой болж, өргөн нэвтрүүлгийн салбарын мэдээллийн ил тод байдлыг хангах боломж нэмэгдэнэ. Үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, удирдлагын багтай холбогдох мэдээлэл олон нийтэд ил тод болно" гэж танилцуулав.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын цөөнгүй гишүүн байр сууриа илэрхийлж, энэ төрлийн хуультай болохыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тухайлбал, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Хуулийн төслийг дэмжиж байгаа. Монгол Улс хүн амынхаа тоотой харьцуулахад дэлхийд байхгүй олон телевизтэй. Өнөөдөр 142 телевиз үйл ажиллагаа явуулж байна. Энэ хуулийг баталснаар эмх замбараагүй мэдээллийн сувгийн тоо цөөрөх үү. Мөн телевизүүдийн контентын чанар яаж сайжрах вэ. Энэ хуулиар телевизүүдийн программын бодлого өөрчлөгдөх үү. Тэгэхгүй бол захиалгатай, иргэдийг буруу мэдээлэлд хөтөлсөн сурвалжилга, мэдээ их гарах юм” хэмээн асуухад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр үндэсний контент огт үнэлэгдэхгүй байна. Тийм учраас гаднын контент худалдан авах нь телевизүүдэд илүү ашигтай байгаа юм. Тиймээс энэ хуулиар үндэсний контентуудыг үнэлнэ. Сайн контент хийж байгаа телевизүүдэд рейтинг тогтоож тэр контентоосоо сар бүр төлбөр авах боломж нь энэ хуулиар бий болно. Зах зээлийнхээ чөлөөт зарчмаар муу контент хийж байгаа телевизүүд шахагдана гэсэн үг. Энэ хуулиар үнэ нэмэгдэхтэй холбоотой ямар ч зохицуулалт ороогүй” гэлээ. Харин ажлын хэсгийнхний зүгээс “Энэ хуулиар өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ хүлээж авч байгаа бүх нийтийн эрх ашгийг хамгаалсан, мөн өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжинэ. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ гэдэгт олон нийтэд нэгэн зэрэг хүргэж байгаа үйлчилгээг хамруулдаг учраас өргөн нэвтрүүлгийн телевиз, кабелийн сувгуудыг дамжуулж байгаа олон сувгийн сүлжээг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн хоорондын харилцааг уг хуулиар тусгасан. Хүүхдийн зохисгүй агуулгатай контентоос хамгаалах асуудлыг Харилцаа холбооны зохицуулах газар хариуцах нь маш тодорхой болно. Өнөөдөр контентуудыг бий болгож байгаа хүмүүсийн контентыг олон нийтэд хүргэж байгаа нь Олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид юм. Өөрөөр хэлбэл зам нь гэсэн үг” хэмээн нэмж тайлбарласан. Харин телевизийн хураамж нэмэгдэнэ гэх мэдээлэл гарсантай холбоотойгоор Ажлын хэсгийнхэн дараах тайлбарыг өгсөн. Тодруулбал, “Олон нийтийн радио телевиз, арилжааны сувгийг энэ хуулиар нэгэн ижил зохицуулж байгаа. Арилжааны телевизүүд нэмэлт төлбөр авахгүй байгаа. Санхүүжүүлэх нэг үүсвэр улсын төсөв байна гэдгийг энэ хуулиар зааж өгсөн. Сонгуулийн сурталчилгааны нэг секундийн тарифыг Сонгуулийн хуулиар тухайн радио, телевизийн сүүлийн зургаан сарын зар сурталчилгааны ханшаар тогтоодог” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )