Өргөн нэвтрүүлгийн хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Уг хуулийн төслийг 2016 онд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа өргөн барьсан бөгөөд хуулийн төсөлд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ, олон суваг дамжуулах үйлчилгээ, олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ, арилжааны радио, телевизийн үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар тусгаж, түүний үйл ажиллагааны онцлог зохицуулалт болох эзэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага болон зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага зэрэг зохицуулалтуудыг тусгасан байна.

УИХ-аас хуулийн төслийг баталснаар телевизүүдийн монгол контентыг нэмэгдүүлэх, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд зөвхөн мэдээлэл дамжуулахаас гадна нийгмийг соён гэгээрүүлэх үүргээ илүүтэй гүйцэтгэнэ гэж үзэж байгаа аж. Ингэснээр телевизүүдийн монгол контентын чанар сайжрах, эрүүл өрсөлдөөн бий болох, монгол соёлын дархлаа бий болох мөн монгол хүүхдүүд телевизээрээ дамжуулж зөв хүмүүжил, хандлага үүсэх нөхцөлийг хуулиар зохицуулдаг болно гэж төсөл санаачлагчид тайлбарлаж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top