
Уншигч та Улаанбаатар “Чингис хаан” нисэх буудал руу явж байхад, Туул голын дагуу уулын замаар явж байхад, эсвэл хөдөө Төв, Сэлэнгэ, Хангайн бүсийн уулс, хавцал дундуур явж байхад цахилгаан дамжуулах шугам дээр улбар шар бөмбөлөг суурилуулсныг харсан л байлгүй. Харахдаа энэ чухам ямар учиртай юм бэ гэж бодож үзсэн үү, хариулт нь их энгийн.
Энэ улбар бөмбөлөг цахилгаан дамжуулахад ч юм уу, өндөр хүчдэлд ямар нэгэн нөлөөгүй. Энэ бол нисэх онгоц, нисдэг тэргийг нам өндрөөр явж байхад цахилгааны шугам мөргөхөөс сэргийлсэн нэг ёсны таних тэмдэг юм. Монголчууд үүнийг мэргэжлийн хэлэнд “өндрийн бөмбөлөг” гэж хэвшжээ. Өндөрт нисэж байхад тухайн нисгэгчид өндөр хүчдэлийн шугам газрын өнгөтэй нийлж бараг харагдахгүй болдог. Иймийн учир цахилгааны шугамыг баримжаалах, шугам байгаа гэдгийг мэдэгдэхийн тулд ийнхүү улбар шар бөмбөлөг байрлуулдаг байна.
Олон улсын болон Иргэний нисэхийн байгууллагуудын аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу голчлон нам нислэгийн коридор эсвэл нисэх буудлын ойролцоох цахилгааны шугамуудад заавал суурилуулдаг дүрэмтэй.
Өндрийн бөмбөлөг доороос харахад жижигхэн харагдана. Гэвч угтаа үгүй юм. Өндрийн бөмбөлөг ойролцоогоор 0.6-1 метр өргөнтэй, жин нь 4.5-11 кг байдаг. Эдгээр бөмбөлгийг бат бөх хуванцар материал эсвэл шилэн хөвөнгөөр хийдэг. Ингэснээр олон жилийн цас, бороо, салхи шуурга, аянга цахилгаан, тэр ч бүү хэл хааяа нэг шувуу суухад хүртэл тэсвэрлэж чадна. Хэдийгээр асар их хүчдэлтэй цахилгааны шугам ч гэсэн эдгээр бөмбөлөг нь цахилгаан гүйдэл дамжуулдаггүй юм.

Сэтгэгдэл ( 0 )