Орон даяар 2019 оны мал тооллого эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 09

Орон даяар 2019 оны мал тооллого энэ сарын 7-ны бямба гарагт эхэллээ. Мал тооллогын ажил 10 хоног үргэлжлэх бөгөөд тэжээвэр амьтад, хашаа, худаг, тэжээлийн цэгийн тооллогыг нэгэн зэрэг явуулах ажээ. Өнгөрсөн 2018 онд 66 сая 460 мянган тоо толгой мал тоолуулж байв. Түүнээс хонь 30 сая 554 мянга, ямаа 27 сая 124.7 мянга, адуу 3 сая 940.9 мянга, үхэр 4 сая 380.8 мянга, тэмээ 459.7 мянган тоо толгой тоологдож байжээ. 2018 оны мал тооллогын дүнгээр нийт 290 мянган малчдын 68.4 хувь нь Эрүүл мэндийн даатгал, 26.2 хувь нь Нийгмийн даатгалд хамрагдсан байна. Энэ онд улсын хэмжээнд нийт 19.2 сая мал төллөж, 18.2 сая толгой төл хүлээн авсан. Аймаг, орон нутгаас авсан мэдээллээр 2018-2019 оны өвөл, хавар улсын хэмжээнд 69 сая толгой мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байна. Энэ оны жилийн эцсийн мал тооллогыг бүх шатны мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ. Улс орон даяар мал тооллогыг Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний статистикийн хороо, аймаг, сумын Тамгын газар, мал эмнэлэг хамтран зохион байгуулж байна. Ажлын хэсгүүд гарч, аймаг орон нутагт мал тооллогын ажлыг эхлүүлээд байна.

Тухайлбал, Мал тооллогын ажлын хэсэг Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сум болон Булган аймагт ажиллаж байна. Тооллогын ажлын хэсэгт аймгийн Мал эмнэлэг, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Зэвсэгт хүчний 186 дугаар анги, ХХААГ зэрэг байгууллагын 36 хүн ажиллаж жилийн эцсийн малын тоог гаргахын зэрэгцээ малчдад эрүүл мэнд, нийгмийн даатгалын чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна. Тус Мал тооллогын комисс Булган, Сэлэнгэ, Орхон аймгийн 12 байршилд өвөлжиж байгаа 160 өрхийн 40 мянган малыг эхний ээлжид тоолохоор ажиллаж байна.

Мал тооллогыг зун, намрын улиралд буюу 8, 9 дүгээр сард явуулж байснаа 1961 оноос мал, тэжээвэр амьтдыг жилийн эцэст 12 дугаар сард тоолдог болжээ. Энэ хугацаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн жилтэй тохирдог, малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссан байдаг зэрэг давуу талтай юм.  Манай орны мал аж ахуйн салбарт 13.9 их наяд төгрөг эргэлдэж байгаа гэсэн тооцоо бий. Монгол Улсад одоогийн байдлаар 49 баталгаажсан үүлдэр омгийн малыг үржүүлж байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин:(66.181.161.76) 2019 оны 12 сарын 09

-Гурванхан сая хүмүүсийнхээ хаана явааг ч хянаж чадахгүй байж 70 хол давсан малаа амьд үхсэнч хянаж байхаар ярьж байгаа нь хэр үнэмшилтэй болоо. Уул нь эрүүл хүнс, экспорт гээд хэрэгтэй хэргтэй чуха л ажил, гэвч ҮХ-иар мал төрийн хамгаалалтанд харин хүн хамгаалалтгүй байгаа нь хачирхалтай санагдана.

0  |  0
Top