Авлигын эсрэг олон улсын өдөр ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД зөвлөлдөж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 09

НҮБ-аас зарлан тунхагласан авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулж “Шударга байдал ба олон нийтийн итгэл” сэдвээр хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа.  

Авлигатай тэмцэх газрын санаачилгаар зохион байгуулсан нэгдсэн зөвлөгөөнд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагаас удирдах албан тушаалтнууд оролцов.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа зөвлөгөөнийг нээж хэлэхдээ “Сүүлийн үед иргэд, олон нийтийн зүгээс төрийн байгууллагуудын шударга байдалд эргэлзэж, төрд итгэх итгэл алдарч байгаа талаар ярьж, бичих нь ихэслээ. Иргэд шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагад хариуцлага тооцохыг шаардах боллоо. Нийгэмд авлигын шинжтэй мэдээлэл түгээмэл тархахын зэрэгцээ иргэд, олон нийт АТГ-аас, прокуророос, шүүхээс багагүй мэдээллийг шаардах боллоо. Бид шүүх, хуулийн байгууллагуудын нэр хүнд олон нийтийн дунд унасныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Энэ цаг үед нийгмийн шаардлагыг харгалзан тулгарч буй хүндрэл бэрхшээл, бодит нөхцөл байдлын талаар зөвлөлдөн, бодлого, стратеги, арга механизмаа ярилцах боломжийг олгохоор АТГ-аас санаачлан бусад байгууллагатай хамтран Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг “Шударга байдал ба олон нийтийн итгэл” сэдвийн дор зохион байгуулж байгааг”-г  онцлон тэмдэглээд нийгэмд анхаарал татсан, нийтийн ашиг сонирхлыг хохироосон эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх чиглэлээр хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж ажиллахыг уриаллаа.

Зөвлөгөөний үеэр

  • АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар “Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгахад тулгарч буй асуудал, олон нийтийн итгэл” сэдвээр
  • НПГ-ын хяналтын прокурор Р.Батнасан “Албан тушаалын гэмт хэргийн шийдвэрлэлт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдвээр
  • УДШ-ийн шүүгч Ч.Хосбаяр “НҮБ-ын Авлигын эсрэг конвенци ба Шүүх эрх мэдэл” сэдвээр
  • ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Авлигын эсрэг эрх зүйн шинэтгэл” сэдвээр
  • ЦЕГ-ын ахлах мэргэжилтэн Б.Чулуунтамир “Цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийтийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, итгэлийг ахиулах, дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулж буй арга хэмжээ” сэдвээр
  • ШШГЕГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Ганчимэг “Авлигын гэмт хэрэг үйлдэж хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээдэд тавих хяналт, тулгамдсан асуудал” сэдвээр
  • ШШГЕГ-ын дэд дарга А.Намсаманд “Шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын эерэг ба сөрөг үр дагаварт хийсэн шинжилгээ” сэдвээр
  • Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн Б.Ганболд “Өмгөөлөгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор О.Мөнхсайхан “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт: Шүүхийн сахилгын хороо” сэдвээр
  • АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн И.Мөнхжаргал “Шүүхэд итгэх олон нийтийн итгэл” сэдвээр
  • ШЕЗ-ийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах “Шүүхэд итгэх иргэдийн итгэл: Шүүхийн ил тод, нээлттэй байдал” сэдвээр
  • ШЕЗ-ийн Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар “Шүүгчийн ёс зүйн гомдол хянан шийдвэрлэлт: Олон нийтийн итгэл” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Авлига, албан тушаалын гэмт хэргийг АТГ харьяаллын дагуу мөрдөн шалгадаг боловч хуулийн бусад байгууллагуудын хамтан ажиллагаа, ажлын уялдаа холбоо, амьд харилцаа зайлшгүй. Тиймээс авлига, албан тушаалын гэмт хэргийг үр дүнтэй шалгаж шийдвэрлэх нь дан ганц АТГ-ын үйл ажиллагаанаас биш хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаанаас ихээхэн хамааралтай тул хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгарч буй хууль эрх зүйн болон практик хүндрэлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар нэгдсэн шийдэлд хүрэхээр ярилцлаа.

Урьд өмнө нь хуулийн байгууллагуудын төлөөлөл нэг дор хуран цуглаж өөрсдийнх нь үйл ажиллагаа ба шударга байдалд иргэд, олон нийт хэр зэрэг итгэлтэй байдаг талаар ярилцаж байсан удаагүй. Тиймээс өнөөдрийн зөвлөгөөн нь анхных бөгөөд цаг үеэ олсон арга хэмжээ боллоо гэдгийг оролцогчид тодотгон тэмдэглэж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top