БАЯН-ӨЛГИЙ: Өлгий хот Авто буудалтай болов

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 09

Баян-Өлгий аймгийн Өлгий хотод Авто тээврийн үндэсний төвийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Авто буудал байгуулж, энэ сарын 7-нд албан ёсоор нээлээ. Авто буудлын өмнөх эзэмшил газрын хэмжээг өргөтгөж Техникийн оношилгооны төв, 3000 метр.кв зам талбайг шинээр нэмж барьсан байна. Барилгын ажлыг орон нутгийн "Көшелик" компани товлосон хугацаандаа гүйцэтгэжээ. Авто буудал, Техникийн оношилгооны төвийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, Авто тээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзон болон аймгийн иргэд оролцжээ.

Авто буудлын барилга нь 2100 мкв, Техникийн оношилгооны төв нь 240 мкв талбайтай. Авто буудал нь Авто тээврийн төвийн оффис, хүлээлгийн танхим, тасалбар түгээх цэг, цайны газар, хурлын танхим, эмч, цагдаагийн контороос бүрдэж байна. Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх, нэр шилжих,  улсын дугаар олгох, ангилал тогтоох, тээврийн хэрэгслийн даатгал, татвар төлөх, хот хоорондын болон улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг нэг дороос үзүүлнэ. Түүнчлэн буудал дотор автобусны тасалбар авах, улсын бүртгэлийн тэмдэгтийн хураамж, торгууль, татвар,  төлөх "Гэрэгэ киоск" давхар байршуулсан байна.

Өлгий хотод стандартын шаардлага хангасан Авто буудал байгуулснаар авто тээврийн үйлчилгээг олон улсын жишгээр түргэн шуурхай, чанартай үзүүлэх боломж бүрджээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top