33 настай Лэди Гагагийн “цуглуулгад” сая сая шүтэн бишрэгч, борлуулалтаараа нэг саяыг давсан хэдэн арван “цагаан алтан” сингл, гоо сайхны брэнд, “Од төрлөө” киноны шилдэг саундтрэкийн Оскарын шагнал бий. Дэлхийд алдартай од Стефани Жоанн Ажелина Жерманотта /дуучны жинхэнэ нэр/-д хүртэл унах өдрүүд тохиодог. Гэхдээ тухай бүрд тэрбээр босож, урагш тэмүүлнэ. Алдарт дуучин анх удаа хүчирхийлэл, сэтгэл гутрал, мэдээж хэрэг Брэдли Куперийн талаар АНУ-ын телевизийн од, жүжигчин, продюсер Опра Уинфритэй ярилцсаныг толилуулж байна.
Опра: Арван жилийн өмнө таныг 2010 онд “Опра Уинфри Шоу” телевизийн нэвтрүүлэгт урьж, анх удаа ярилцаж байжээ. Тухайн үед таны эрч хүч, сэтгэл дотроо цэцэглэж буйг тань мэдэрч, харж байлаа. Та өөрийгөө нээх, өөрийгөө илэрхийлэх эрэлд гарсан байсан. Сүүлийн арван жилд та өөрийгөө олов уу?
Лэди Гага: Миний карьер өсөж, өөрчлөгдөхийн хэрээр дэлхийд эзэлж буй өөрийн байр суурийг илүү тод ухамсарлаж, хүн төрөлхтөн, намайг дагаж буй хүмүүсийн өмнө хүлээсэн үүргээ илүүтэй ойлгох болсон. Би нэг төрлийн тэрсүүд хүн. Хийсэн болон хийж буй зүйлээ эргээд харахад би өөрийгөө тэрслүү хүн гэдгийг ойлгосон. Энэ дэлхий дээрх бүх муу зүйлийн эсрэг тэрсэлдэг. Сайн сайхан зүйл энэ дэлхийг эмчилж, эдгээдэг. Сайхан сэтгэл хүнийг эдгээх чадалтай. Энэ бол биднийг нэгтгэж, эрүүл саруул байлгадаг тэр зүйл.
-Өнгөрсөн 10 жилийн хугацааг эргээд харахад танд хэзээд нь сайхан сэтгэл бүх зүйлсийг эдгээж, илааршуулдаг гэдгийг илэрхийлж, ойлгуулсан юм шиг санагдаж байна?
-Шүтэн бишрэгчидтэйгээ харилцах харилцаанаас эхэлсэн гэж би бодож байна. Надтай ижил, бусдаас өөр, өөрсдийг нь хардаггүй, ойлгодоггүй хүмүүс, үзэгчид рүү хараад, эсвэл өөрсдийгөө хэн гэдгийг нээлттэй ойлгуулж харуулахаас айдаг маш олон хүүхдийг хараад хувь хүн байхын утга учрын талаар бодож, би тэр хувь хүмүүсийн төлөө тэмцэхийг хүссэн. Би энэ талаар олон нийтийн сүлжээгээр дамжуулан хэлж байсан л даа. “Би ажлаа алдар хүндийн төлөө бус би хүмүүсийн төлөө, үр дүнгийн төлөө хийсэн” гэж хэлсэн. Энэ бол туйлын үнэн. Сайхан сэтгэлээр дамжуулан хүмүүсийг эрх чөлөөнд хүргэхийг хүсдэг. Өөрөөр хэлбэл, энэ бол манай дэлхий, ялангуяа сэтгэцийн өвчний орон зайд хамгийн хүчтэй зүйл юм гэж боддог.
-Та Нью Йоркийн их сургуулийн урлагийн сургуульд орж, нэг жилийн дараа сургуулиа хаяж, өөрийнхөө менежер болж, концертоос концертын хооронд төгөлдөр хуураа зөөж байхдаа үүнийг мэддэг байсан, тийм биз?
-Опра, би бүх зүйлийг ээжээсээ сурсан. Гэртээ сургуулиасаа ирээд хүүхдүүдэд шоглуулсан тухай ярихад миний ээж “Тэдэнтэй сайхан сэтгэл гэдэг зэвсгээр тулалд. Сайхан сэтгэлээрээ тэднийг хөнөө” гэж хэлдэг байсан. “Тэднийг хөнөө” гэдэг нь хэрцгий сонсогдож болох ч зөв утгаар нь хэлж байгаа нь тэр. Галтай галаар тэмцдэггүй, галтай усаар тэмцдэг шүү дээ.
-Үнэхээр тийм шүү...
-Хэн нэгэнд “Зоригтой бай” гэж хэлэхэд амархан. Гэвч хийхэд тийм ч хялбар биш. Өөрөөрөө байхаас ичиж, ойр дотнын хүмүүс нь дэмжихгүй байгаа үед хүн айдаг. Ичнэ гэдэг чинь хүчтэй байна гэсэн үг. Өөртөө цаг хугацаа өг. Өдөр тутам эр зориг гэх зүйлээс эмтэлж, өөртөө ав. Үүнийг хуурамч амьдрал гэж би хэзээ ч хэлэхгүй. Энэ бол бодит байдал, харин бодит зүйлсийг өөрчилж болдог. Тиймээс ч би Haus Laboratories нэртэй гоо сайхны брэнд гаргасан.
-Энэ талаар хоёулаа дэлгэрэнгүй ярилцъя. Юу таныг гоо сайхны ертөнцөд хүчээ үзэхэд зоригжуулав?
-Нэгд, надад хангалттай цаг хугацаа байсан. Би чадах бүхнээ үүнд зориулахыг хүссэн. Би компани байгуулж, ажилтнууд хөлсөлж авсан. Компанийнхаа нээлт дээр би “Миний хурууны хээ хаа сайгүй байгаа. Энэ бол гэмт хэргийн газар” гэж хэлж байсан. Хоёрт, надад орон зай байсан тул би тэмүүлж буй зүйлийнхээ үндэс суурийг тавьсан. Энэ компани бол өнөөдрийн гоо сайхны стандартыг тайван замаар эсэргүүцэх бослого юм. “Бидний Haus, Бидний дүрэм” гэсэн хүчтэй орон зайд энэ компани оршдог. Тиймээс бүх хүйс, чиг хандлагатай хүмүүст бид нээлттэй.
-Гоо сайхны хүч таныг гайхашруулдаг байх?
-Гоо сайхан бол маш хүчтэй. Би өнгө будгаар тоглож, туршилт хийх дуртай. Би Лэди Гагаг өөрөө бүтээсэн. Энэ нь намайг зоригжуулж, хүчирхэг болгодог. Би жаахан охин байхаасаа л сэтгэл гутралд ордог байсан. Бурхан минь, Кларк Кент, Супермэн зэрэг супер баатрууд надад нисэх далавч хайрласан. Тиймээс ч би өөрчлөгдөхийг хүсээгүй. Нэр алдарт хүрэхээс ч өмнө хүмүүс “Ямар их будаг вэ” гэхэд нь “Энэ бол миний амьдралын хүч. Энэ бол надад нисэх боломж олгодог зүйл” гэж хэлдэг байсан.
-Махаар хийсэн даашинз өмссөний дараа танд “Эндээс хаа хүрэх вэ?” гэж бодогдож байсан уу?
-Махан даашинзын хувьд үнэнийг хэлэхэд, би хүмүүсийг тийм их цочирдуулна гэж бодоогүй. Гэхдээ энэ чинь би шүү дээ. Би тийм этгээд гэмээр тархитай. Миний хувьд мэдээж утга учиртай л байсан. Үүгээр би “Бүү асуу, бүү хэл” гэсэн мэдэгдэл хийсэн. Би тэр арга хэмжээнд цэргийн албанаас халагдсан цэргүүдийн хамтаар очсон. Эх орныхоо төлөө амиа өгөхийг хүсэж байгаа бол таны бэлгийн чиг баримжаа, таны хүйс хамаатай юу? Миний хувьд “мах бол мах” гэдэг утгыг л махан даашинзаараа илэрхийлсэн. Тэгтэл намайг бус дэлхийг цочирдуулсан юм уу даа. Брэдли Купертэй хамт “Од төрлөө (A star is born) кинонд тоглож, Оскарын шагнал хүртсэний дараа “Би энэ дэлхий дээрh хүмүүсийг гайхашруулахаас илүү том зорилготой болсон. Хүмүүст урам зориг өгдөг урлагаар дамжуулан тэдэнд хайр бэлэглэх нь миний зорилго” гэж өөртөө хэлсэн. Тэгж хэлсэн шүү.
-Би танд Брэдлигийн талаар нэг асуулт тавих ёстой юм байна. Нэг удаа би Брэдлигийн гэрт, гал тогооных нь өрөөнд сууж байлаа. Тэр охиноо халамжилж, аавын “ажлаа” хийж байхыг нь харах гайхалтай байсан...
-Тэр бол гайхамшигтай сайн аав.
-Тэр үнэн. Бид та хоёрын талаар гарсан хов живийн талаар ярьж байсан юм. Тэр "Хэрэв энэ бүхэн үнэн байсан бол төгөлдөр хуурын ард суугаа чиний нүд рүү харж чадахгүй байсан" гэж хэлсэн?
-Яг үнэн. Шуудхан хэлэхэд, хэвлэлийг би маш тэнэг гэж боддог. Юу вэ гэхээр, бид хайрын тухай түүх бүтээсэн. Жүжигчин, дуучин хүний хувьд бид бие биедээ дурласан гэдгийг бусдад итгүүлэхийг хүссэн. Мөн бид энэ дурлалыг Оскарын шагнал гардуулах үеэр хүмүүс мэдрээсэй гэж хүссэн. Үүнийг камерын дурангаар дамжуулан телевиз үзэж буй хүн бүрт мэдрүүлэхийг зорьсон. Үүний тулд бид олон хоног ажилласан. Энэ бол зүгээр л тавилттай үзүүлбэр байсан юм шүү дээ.
-Та энэ кинонд тоглохдоо маш их хүч зарцуулсан. Кино ч сайн болж, тэр жилийн шилдэг кинонуудын нэг болсон. Бүх зүйл дууссаны дараа ямар санагдаж байсан бэ? Эллигийн дүр, тэр бүх зүйлд баяртай гэж хэлэхэд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Үнэндээ Эллигийн дүр удаан хугацаанд надтай хамт байсан. Тэр дүрийг бүтээхийн тулд өнгөрсөн амьдралаа дахин сэргээх хэрэг гарсан. Танд ямар байдгийг мэдэхгүй юм. Харин би үүнийг кинонд тоглож байна гэж хүлээж аваагүй. Би тэр дүрээр амьдарсан, энэ бол миний амьдралын нэг мөч байсан. “Shallow” киногоор Оскар авчихаад шагнал руу харах үед надаас сурвалжлагч "Оскараас та юу олж хардаг вэ?" гэж асууж байсан юм. Би хариуд нь "Маш их зовлон шаналлыг хардаг" гэж хэлсэн. Би худлаа хэлээгүй. 19 настай байхдаа би нэг бус удаа хүчирхийлэлд өртөж байсан. Олон жилийн туршид янз бүрийн хэлбэрээр олон зүйлээс болж миний сэтгэл сэвтэж, шаналж байсан. Гэхдээ би давж гарсан, урагшаа явсаар л байсан. Тэгээд Оскар гардаж аваад зогсож байхад би тэндээс шаналал олж харсан. Харин хүмүүс миний юу хэлснийг ойлгосон эсэхийг мэдэхгүй юм.
-Тэр оргилд хүрэхэд туулсан зовлон, шаналал. Тэр аймшигт хэргээс болж гэмтлийн дараах сэтгэл гутралд орсон байх?
-Би тийм эмгэгтэй. Бүр архаг шүү. Сэтгэл зүйн хариу урвалын эмчилгээ бол миний амьдралын нэг хэсэг болсон. Би байнга эм уудаг. Олон эмчид үзүүлдэг. Би ингэж л тэмцэж амьдардаг.
-Энэ бол миний сүүлийн асуулт. Амьдрал биднээс юу хүсдэг гэдэгт та итгэдэг вэ?
-Амьдрал биднээс сорилт, шалгуурыг нь хүлээж авахыг хүсдэг гэдэгт би итгэдэг. Сайхан сэтгэлтэй байх сорилтыг хүлээн зөвшөөрөхийг, ертөнцөд өөрийнхөөрөө байх хэцүү гэдгийг ойлгохыг.... Бид үргэлж л хүндрэл бэрхшээлтэй нүүр тулдаг, тэр бүхнийг туулсаар ирсэн. Гэхдээ энэ бүх сорилт, үзэн ядалт, уй гашуу, өлсгөлөн, дайн, харгис хэрцгийгийн дундаас “Та сайхан сэтгэлийг өвөрлөвөл амьд гарч чадах уу?” гэж амьдрал биднээс асуудаг гэж би боддог.
Сэтгэгдэл ( 2 )
gaigui yum
ухаантай хүн байнаа